САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ НЭРЭМЖИТ ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

2021-10-05 07:52

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон судалгаа бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснөө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарлаад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байна.  

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудынхаа хамт эх байгалиа хайрлан хамгаалж, мод тарьж ургуулах үйлсэд хувь нэмрээ оруулахаар үндэсний хөдөлгөөнд нэгдэж өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа дахь Бумбатын булагт мод тарьж нэрэмжит төгөлтэй боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Байгаль хамгаална гэдэг бол оршин тогтнох, амьд явах, эрүүл байх орчноо хамгаалж байна гэсэн үг. Иймээс Хорооны хамт олон бүгд нэг сэтгэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн.

Санхүүгийн салбарынхны хувьд ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх нь санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулалтын орчныг тэлэх боломжийн зэрэгцээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бас нэгэн зорилтыг давхар агуулдаг тул Хорооноос ногоон санхүүжилтийг дэмжих судалгаа хийх, зохицуулалтын орчин бүрдүүлэх, тогтвортой ногоон санхүүжилтийг төлөвшүүлэх зорилтыг тусган ажиллаж, бодлого тодорхойлогчийн хувьд ногоон санхүүжилтийг дэмжих арга замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Иймд салбарын оролцогчдоо ногоон санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалж байна” гэдгийг онцолсон юм. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 га талбай 4 хувиар буурах аж. Нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд 2030 он гэхэд 9 хувьд хүргэж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргажээ.    

.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.