ИРГЭД, ДААТГУУЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

2021-11-09 06:14

Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 онд шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн хүрээнд даатгалын бүтээгдэхүүний бүртгэлийн үйл ажиллагааг илүү хялбаршуулаад байна. Тус журмаар даатгалын компани нь бүртгүүлэх бүтээгдэхүүний мэдээллийг тодорхой загвар маягтын дагуу Хороонд мэдэгдэх ба тухайн мэдэгдлийг Хороо өөрийн цахим хуудсанд байршуулснаар бүтээгдэхүүнийг бүртгэсэнд тооцох зохицуулалттай болсон. Мөн журмын хүрээнд даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд тусгагдсан тул эдгээр шаардлага болон даатгалд хамрагдахтай холбоотой зөвлөмжийг даатгуулагч иргэд, байгууллагуудад хүргүүлж байна.

Даатгалын багц дүрмийн хүрээнд даатгалын бүтээгдэхүүнд дараах шаардлага тавигдахыг анхаарна уу.

  1. Даатгалын гэрээг монгол хэл дээр үйлдэх;
  2. Утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой байх, хоёрдмол санаа агуулаагүй байх;
  3. Даатгалын гэрээнд дараах нөхцөлүүд тусгагдсан байна:

- Даатгагч, даатгуулагчийн эрх үүрэг

- Даатгалын эрсдэл

- Даатгалын үнэлгээ

- Даатгалын гэрээний хугацаа

- Гэрээг сунгах, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөл

- Даатгалын хураамжийн хэмжээ

- Хураамж төлөх хугацаа, хураамж буцаах нөхцөл

- Гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцөл

- Нөхөн төлбөр олгохоос татгалзах

    4. Даатгуулагчийн хүсэлтээр даатгалын гэрээ гадаад хэл дээр байгуулагдсан тохиолдолд тухайн гэрээг монгол хэл дээр давхар үйлдэх зэрэг болно.

Даатгагч компани, даатгалын зуучлагч, төлөөлөгчөө сайтар судлах

  • Даатгагч компани, даатгалын зуучлагч, төлөөлөгч нь Хорооноос олгосон зөвшөөрөлтэй эсэхийг анхаарах, даатгалын компани бүтээгдэхүүнүүдээ Хороонд бүртгүүлсэн эсэхийг нягтлах;
  • Даатгалын компани даатгалын бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжоор даатгуулагчийг хангах үүрэгтэйг анхаарах;
  • Даатгалын бүтээгдэхүүнүүд өөр өөрийн онцлог, ялгаатай тул даатгалд хамрагдах болон хасагдах нөхцөлүүд, даатгалын тохиолдол үүсэхэд бүрдүүлэх баримт бичиг, хураамжийн хэмжээ зэрэгтэй сайтар танилцаж, харьцуулж, асууж, зөвлөгөө авах;
  • Даатгуулагч даатгалын тохиолдол гарсан бол нэн даруй даатгалын компанидаа мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол даатгалын нөхөн төлбөр олгох эсэх талаар гэрээнд заалт байгааг сайн харах;
  • Даатгалын хохирол үнэлгээний зардлыг хэн төлөх талаар асууж тодруулах, таны өөрийн буруугаас үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг тодруулж мэдэх;
  • Монгол Улсаас бусад улсад таны даатгал үйлчлэх эсэх зэргийг гэрээний нөхцөлөөс сайтар судлаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.