МЭНДЧИЛГЭЭ

2021-11-24 00:28

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбар болох даатгалын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, мэргэжлийн оролцогчид, холбоодууд, даатгуулагч иргэд, байгууллага Та бүхэндээ Монгол Улсад арилжааны даатгалын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр даатгалын зах зээл дээр тусгай зөвшөөрөл бүхий 15 ердийн даатгал, 1 урт хугацааны даатгал, 1 давхар даатгалын компани, 57 даатгалын зуучлагч, 25 даатгалын хохирол үнэлэгч, 2400 гаруй даатгалын төлөөлөгч үйл ажиллагаагаа явуулж, 1.1 сая гаруй даатгуулагч иргэд, байгууллагад 600 гаруй даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үйлчилж, сүүлийн гурван жилд 183.5 тэрбум төгрөгийн даатгалын хохирлыг барагдуулж ажиллаад байна.

Даатгалын салбар нь санхүүгийн зах зээлийн тулгуур баганын нэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжид эрсдэл учрахад хохирлыг барагдуулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг нь хангах, бизнесийн эрсдэлийг бууруулах санхүүгийн хэрэгсэл болдог. Нөгөөтэйгүүр даатгалын нөөц сангийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр болдог тул даатгалын байгууллага нь хөрөнгийн зах зээлийг дэмжих мэргэжлийн хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Гэхдээ даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэвшилтэт техник технологид суурилан хөгжүүлэх, олон тулгуурт буюу амьдралын даатгал, заавал даатгал, давхар даатгалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын зөв тогтолцоог бүрдүүлэх замаар даатгалын салбарыг олон улсын жишигт хүргэх, даатгалын салбарын ач холбогдлыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт дэмжлэг үзүүлдэг салбар болгон хөгжүүлэх их ажил биднийг хүлээж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос ч энэ хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад хууль, журмуудад өөрчлөлт оруулж, даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэл, зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгалын компанийн засаглал болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Даатгалын багц дүрэмд холбогдох зохицуулалтыг тусгаж өгснөөр салбарын хөгжилд ихээхэн ахиц гарсан. Даатгалын компаниуд ч үйл ажиллагаандаа тэр дундаа даатгалын нөхөн төлбөр олгох үйл явцаа цахимжуулж, хурдан шуурхай олгох чиглэлд бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

Эцэст нь салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх их үйлсэд мэргэжлийн оролцогч хүн нэг бүрийн үүрэг чухал гэдгийг онцлон дурдаад Та бүхний ажилд амжилт хүсье. Монгол Улсын санхүүгийн салбар улам хүчирхэгжиж, салбарын оролцогчид чадавхижин бэхжиж, эдийн засгийг тэтгэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ арвижин дэлгэрэх болтугай.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.