Д.БАЯРСАЙХАН: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ИЛҮҮ САЙЖРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ БИЙ

2021-11-29 07:58

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монголын хөрөнгийн зах зээлийн шинэ зохицуулалт, үр өгөөжийн талаар "VIP 76.mn" сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Монголын хөрөнгийн зах зээл дээр шинээр ямар зохицуулалт хийгдэж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд орхигдоод байсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг боловсруулж баталлаа. Ингэснээр  Монгол Улсад анх удаа үнэт цаас гаргагч компаниудаас арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлийн шалгуурыг хангахгүйгээр биржийн бус зах зээлд түргэвчилсэн, шуурхай байдлаар компанийн өрийн хэрэгслийг гаргаж, эрсдэл даах чадвартай, санхүүгийн мэдлэгтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татах боломжтой эрх зүйн зохицуулалтын орчинг бүрдүүлж өглөө. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос биржийн бус үнэт цаас арилжааны платформыг нэвтрүүлснээр хувийн хэвшлээс банкны зээлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болох компанийн бондыг амжилттай гаргаж эхлээд байна. Мөн “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д гарааны компани биржийн бус зах зээлд хэрхэн олон нийтэд хувьцаагаа санал болгохтой холбоотой зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, хорооны ээлжит хуралдаанаар сая  шийдвэрлэлээ. Гарааны компани санхүүгийн эх үүсвэр босгох харилцааг ийнхүү биржийн бус зах зээлд оруулж өгснөөр санхүүжилтийн эх үүсвэр босгох цаг хугацаа, өртөг зардлыг хэмнэхээс гадна одоогийн биржийн бус зах зээлийн бэлэн программ хангамж, хөрөнгө оруулагчдын цогц системийг ашиглаж эх үүсвэр татах ажиллагааг хялбаршуулах боломж бүрдэнэ. 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх мөн хуулийн нэгдүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална” гэж заасны дагуу боловсруулж баталлаа. Цаашилбал, “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын төслийг боловсруулаад мөн Хорооны ээлжит хуралдаанаар сая батлахыг зөвшөөрлөө. 

Дээр нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын жишигт нийцүүлэн анхдагч зах зээлд үнэт цаас санал болгох, худалдах ажиллагааг андеррайтерийн компаниар дамжуулан зохион байгуулах, үнэт цаасны зах зээлд оролцогчдод мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг чадавхижуулахаар “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Хорооны хуралдаанаар батлаад, шинэ зохицуулалтын харилцаа энэ сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  

Харин одоо хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэх хүрээнд салбарын гол хуулиуд болох Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт болон шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг тусгаж, нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төслийг УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

-Хийж байгаа зохицуулалтуудын үр дүнд ямар өсөлт хөгжил бий болж байгаа вэ?

-Халдварт цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашилбал дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар буурахад хүргэсэн хүндхэн цаг үе тулгарсан. Гэхдээ манай хамт олон зохих арга хэмжээг шуурхай авч ажилласнаар нэлээдгүй ахиц үзүүллээ. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлээс компанийн бонд, анхны арилжааны зориулалттай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/, биржээр арилжаалагддаг хамтын ХОС зэрэг шинэ бүтээгдэхүүнийг гаргах замаар олон нийт, хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татах нь ихэсч, улмаар хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.6 дахин өсч, өнгөрсөн сард зах зээлийн үнэлгээ 4.0 их наяд төгрөгт хүрсэн бол энэ сарын 8-ны байдлаар Хөрөнгийн бирж дээрх зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн түүхэнд хамгийн дээд түвшинд буюу 5.0 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бүхэн Хороо цар тахлын үед болон түүнээс хойших хугацаанд хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэвээр хадгалах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалт мөн хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолмоор байна.

Үүний зэрэгцээ Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, банкны системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болоход бодлогын түвшинд дэмжих зорилгоор холбогдох эрх зүйн зохицуулалтын орчинг тодорхой болгох, шаардлагатай дүрэм, журмыг баталж мөрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Хороо  11 банкны төлөвлөгөөг бүрэн хянаж, Монголбанкинд холбогдох мэдээллийг хүргүүлсэн. Харин  1 банкны төлөвлөгөө шаардлага бүрэн хангаагүй тул нэмэлт баримт бичгийг ирүүлэхийг шаардсан. Дээрх банкуудаас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу банкны системд нөлөө бүхий 5 банк, мөн системийн бус нэг банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох замаар нээлттэй хувьцаат компани болох ба дотоодын хөрөнгийн зах зээлээс нийт 620 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гараад байна. Эдгээр банк ирэх оны 6 дугаар сард багтан нээлттэй хувьцаат компани болсноор Монгол Улсад нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрнэ гэсэн өндөр хүлээлт зах зээлд оролцогчдын дунд байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.