ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

2021-12-16 11:07

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 сарын 16-ны нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар шилжүүллээ. Эдгээр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийнэ. Мөн виртуал хөрөнгөөр дамжиж МУТС гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлийг бууруулах, эдгээр гэмт хэрэг Монгол Улсад эсхүл манай улсаар дамжиж үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэж байна.

Хууль батлагдсанаар бүртгүүлээгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд үйл ажиллагааг шинээр эрхлэх боломжгүй. Харин хууль батлагдсанаас хойш 4 сарын дараа бүртгэж эхлэх ба үүнээс хойш 3 сарын дотор одоо үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийг үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй.

Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахгүйгээр олон нийтэд виртуал хөрөнгийг санал болгох, худалдахыг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээх харилцаанд зарим зүйлсийг хориглосон ба зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм. Түүнчлэн, дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах мөн арилжааг урвуулан ашиглах гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийг батлахаар боллоо.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.