ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ АХИЦ ДЭВШИЛ, ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮН

2022-01-04 05:52

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр гарч буй шинэ зохицуулалтуудын үр дүнд ямар өсөлт хөгжил бий болж байна вэ?

-Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлээс компанийн бонд, анхны арилжааны зориулалттай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/, биржээр арилжаалагддаг хамтын ХОС зэрэг шинэ бүтээгдэхүүнийг гаргах замаар олон нийт, хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татах нь нэмэгдэж, улмаар 2021 оны 3 дугаар улирлын байдлаар нийт үнэт цаасны арилжааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.1 дахин өссөн бөгөөд компанийн бондын арилжаа 155.7 дахин өссөн. Үүнд Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”- нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан 550.1 тэрбум төгрөгийн бондын арилжаа голчлон нөлөөлсөн гэж хэлж болно. Тодруулбал, сүүлийн үед хөрөнгийн зах зээл дээр гарч буй ололт, амжилт нь Санхүүгийн зохицуулах хорооноос цар тахлын үед болон түүнээс хойших хугацаанд хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэвээр хадгалах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалт, мөн хувийн хэвшлээс хамтран ажилласан ажиллагаа үр дүнгээ өгч байгааг онцолмоор байна.

УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зүгээс Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, банкны системд нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болоход бодлогын түвшинд дэмжих зорилгоор холбогдох эрх зүйн зохицуулалтын орчныг тодорхой болгох, шаардлагатай дүрэм, журмыг баталж мөрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байна. Банкны системд нөлөө бүхий 5 банк, мөн системийн бус нэг банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох ажиллагаа /IPO/-г хэрэгжүүлэх замаар нээлттэй хувьцаат компани болох ба урьдчилсан төсөөллөөр дотоодын зах зээлээс нийт 620 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх хүлээлттэй байна. Банкны тухай хуульд заасан шаардлагын дагуу эдгээр банкнууд 2022 оны 6 дугаар сард багтан нээлттэй хувьцаат компани болсноор Монгол Улсад нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрнэ гэсэн өндөр хүлээлт зах зээлд оролцогчдын дунд байна. Нөгөөтээгүүр, банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкнууд олон нийтэд хувьцаагаа санал болгож, шаардлагатай санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлэх замаар нээлттэй хувьцаат компани болоход тухайн үнэт цаас гаргагч банк, түүнтэй гэрээ байгуулсан андеррайтерийн компанийн хамтын үйл ажиллагааны үр дүн, тэдгээрт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн мэргэжлийн болон стратегийн хөрөнгө оруулагчид, олон нийтээс татан төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ, зах зээлийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг гэдгийг онцлох нь зүйтэй.

-Үнэт цаасны бүртгэлийн журмын шинэчилсэн найруулга болон компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг баталснаар хөрөнгийн зах зээлд оролцогчдод өмнө нь боломжгүй байсан ямар боломжууд нээгдэж, ямар асуудлуудыг шийдвэрлэсэн бэ?

-УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 408 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар компанийн хувьцаа болон өрийн хэрэгслийг нийтэд санал болгон гаргахтай холбоотой харилцааг хамтад нь зохицуулж байсан нь зарим талаар зохицуулалтын давхардлыг үүсгэж байсан. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11- ний өдрийн ээлжит хуралдаанаар компанийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас болон компанийн өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргах харилцааг тус тусад нь зохицуулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан. Дээрх багц 2 журмыг баталснаар арилжаа эрхлэх байгууллага болон төрийн зохицуулагч байгууллагын хоорондох бүртгэлийн давхардал арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны үр ашиг нэмэгдэх, андеррайтер, үнэт цаас гаргагчийн чиг үүрэг, хариуцлага, мэдээллийн ил тод байдал сайжрах, хувьцаа болон өрийн хэрэгслийн зохицуулалтын давхардал арилж товч тодорхой болох боломж бүрдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, түүний тогтвортой байдал, үр ашиг, ил тод байдлыг хангахад чиглэсэн бодлогын томоохон арга хэмжээ болж байгаа юм.

-Дээрх зохицуулалтыг сайжруулснаар тулгамдсан ямар ямар асуудлуудыг шийдвэрлэж байгаа вэ?

-Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж, зохицуулагч байгууллага хоёрын хоорондын уялдаа холбоог сайжруулж тодорхой болгох шаардлага байсан. Өөрөөр хэлбэл, үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох, худалдах ажиллагааны зохион байгуулалт үр ашиггүй бөгөөд олон улсын жишигт нийцээгүй байсан. Уг үйл ажиллагааг олон улсын жишгээр андеррайтерийн компани зохион байгуулахаар болгосон. Өөрөөр хэлбэл андеррайтер нь үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох үйл ажиллагааг өөрөө удирдаж, хуваарилалтаа хийх ёстой болсон гэсэн үг. Түүнчлэн анхдагч зах зээлд арилжаа амжилтгүй болсонтой холбоотойгоор үүсэх хариуцлагыг андеррайтер өөрөө хүлээнэ. Андеррайтерийн анхдагч болон хоёрдогч зах зээлд гүйцэтгэх чиг үүрэг, хариуцлага сул байсныг нэмэгдүүлж, олон улсын жишгийн дагуу хувьцааны үнэ тогтворжуулах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ үүргийг бий болгосон. Ер нь цаашид андеррайтерийн үйл ажиллагааг чадавхжуулахад чухал нөлөөтэй журам болсон гэж үзэж болно. Нөгөөтээгүүр үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал, тайлагналтай холбоотой үүрэг, хариуцлага хангалтгүй байсан. Үүнийг Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын зарчимд нийцүүлж хугацаат болон тухай бүр ирүүлэх мэдээллийн төрлийг тодорхойлж, маягтжуулалтын тогтолцоог илүү боловсронгуй болгосон.

“Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгын тухайд гэвэл олон улсын жишгийн дагуу андеррайтерийн компани нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаа буюу IPO-г удирдан зохион байгуулж, хувьцааны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, хувьцааны үнийг тогтворжуулах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр нийтэд санал болгон хувьцаа гаргахтай холбоотой зардал, өртөг буурахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдээс IPO хийх замаар урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээл дээрээс татах сонирхол нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо өсөх боломж бүрдсэн. Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал, санхүү, тайлагналын тогтолцоог сайжруулж, мэдээллийн төрлийг нарийвчлан тогтоон маягтжуулсан бөгөөд нийтэд санал болгон үнэт цаас гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг аудит, хууль, хөрөнгийн үнэлгээний компаниудад тавигддаг шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлж, тэдгээрийн хараат бус байдал болон үйлчилгээний чанарыг өсгөсөн. Харин “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын хувьд арилжаа эрхлэх байгууллагын I ангилалд хувьцаа нь бүртгэлтэй, эсхүл Засгийн газар, МҮХАҮТ-ын шалгаруулсан Топ-100 ААН болон бусад этгээдийн гаргах бондыг бүртгэх асуудлыг богино хугацаанд буюу СЗХ ажлын 10 хоногт бүртгэх зохицуулалтыг бий болгосон. Түүнчлэн, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өмнө байгаагүй “Bond Indenture” буюу бонд гаргагч, андеррайтерийн компанийн хооронд байгуулах гэрээтэй холбоотой харилцааг шинээр тусгаснаас гадна бонд гаргагч тодорхой үнийн дүн бүхий бондуудыг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг нэг удаа, эсхүл хэд хэдэн удаа хэсэгчлэн санал болгож, шаардлагатай санхүүжилтийг татах боломж бүхий “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх, “Ногоон бонд” гаргах боломжийг бүрдүүлсэн.

-Өөр бусад журмын зохицуулалтын ямар шинэчлэл байгаа вэ?

-Олон улсын хөрөнгийн зах зээлийн интеграцад нэгдэх, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг дотоодын биржид давхар бүртгэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-д хөрөнгө оруулагчид дотоодын болон гадаадын биржүүдийн хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлэн арилжаалах зохицуулалтыг бий болгож, өмчлөх эрхийн бүртгэлийн холимог тогтолцоог бий болгосон. Дээрх журмын шинэ зохицуулалтын хүрээнд Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэс Ресурс Девелопмент Корпорэйшн” хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн. Мөн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани хувьцаагаа давхар бүртгүүлэх зөвшөөрлийг  Санхүүгийн зохицуулах хорооноос авч, анхдагч зах зээлд олон нийтэд санал болгох ажиллагаагаа энд онд багтаан хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Азийн хөгжиж буй болон хөгжингүй хөрөнгийн зах зээлтэй орнуудад түгээмэл хэрэглэгддэг хадгаламжийн бичгийг хөгжүүлэх чиглэлээр Хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих журмыг шинэчлэн боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 757 дугаар тогтоолоор батлуулсан. Ингэснээр гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй, олон улсын нэр хүнд бүхий компаниудын хувьцаанд суурилсан хадгаламжийн бичиг дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж эхлэх боломж бүрдэхээс гадна шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо болон хөрөнгийн бирж хоорондын үнэт цаасны арилжаа өсөх, улмаар хил дамнасан арилжааны дэд бүтцийн орчин нөхцөл сайжирч Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн, хувьцаат компаниудын ногдол ашгийг жижиг хувьцаа эзэмшигч нарт чирэгдэлгүй хурдан шуурхай тараах ажиллагааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаар дамжуулан хувьцаа эзэмшигч бүрийн арилжааны банкны дансанд байршуулах зохицуулалтыг бий болгож, хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулах, жижиг хувьцаа эзэмшигч өөрсдийн төлөөллийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулах зохицуулалтыг бий болголоо.

Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон бусад татварын тухай хуулиудад нэн шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах, санхүүгийн технологид суурилсан, санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглагддаг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох бодлогыг баримталж, улмаар мэргэжлийн буюу институциональ хөрөнгө оруулагчдын тогтолцоог бүрдүүлэх, олон улсын нийтлэг жишиг болон бусад Азийн улсын туршлагад үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-г хувьчлах ажлыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үе шаттай хэрэгжүүлэх, мөн дотоодын томоохон аж ахуй нэгжүүдийг олон нийтэд санал болгон хувьцаа гаргах /IPO/ ажиллагааг хэрэгжүүлж, нээлттэй ХК болоход бодлого, зохицуулалтаар дэмжин төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.