НОГООН ДААТГАЛ

2022-01-07 01:59

НОГООН ДААТГАЛ нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй эрсдэлийг бууруулах, даатгуулагч эрсдэлд ороход даатгалын нөхөн төлбөр олгох зориулалт бүхий даатгалын үйл ажиллагаа юм. Ногоон даатгалын үйл ажиллагаа эрхлэгч даатгалын байгууллагууд нь даатгалын хураамжаасаа байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хандив өгөх, даатгуулагчдыг байгаль орчинд ээлтэй, дахин ашиглаж болох материал, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл ашиглахыг зөвлөж, урамшуулах зэрэг хөшүүрэг ашигладгаараа уламжлалт даатгалын тогтолцооноос ялгаатай.

Сүүлийн жилүүдэд олон улсын даатгалын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, даатгалын компаниуд НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдэж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гарах зардлыг бууруулах, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах стратегийг боловсруулж байгаль орчинд ээлтэй ногоон даатгалын бүтээгдэхүүний үйл ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар олон улсад ногоон даатгалын дараах төрлийн бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Үүнд:  

  • Автотээврийн хэрэгслийн ногоон даатгал: Энэ төрлийн даатгал нь автомашинаараа хэдэн километр явснаас хамааран даатгалын хураамжаа төлдөг тул байгаль орчинд ээлтэй даатгалд хамаарна. Өөрөөр хэлбэл, даатгуулагч нийтийн тээврийн хэрэгслээр явах, ойрын зайнд алхах, дугуйгаар явах зэргээр автомашины хэрэглээгээ багасгах тусам төлөх хураамж буурдаг.
  • Бизнесийн ногоон даатгал: Энэхүү даатгалын бүтээгдэхүүн нь бизнес эрхлэгчид барилга барихдаа эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах, ногоон материал ашигласан тавилга, эд хогшил худалдан авах, байгаль орчинд ээлтэй стандартаар барих үйл ажиллагааг сэдэлжүүлдэг даатгал юм. Барилга, байгууламж барихаас гадна байгаль орчинд ээлтэй оффистой байх хөшүүргийг энэ төрлийн даатгалд мөн ашигладаг. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл ашиглах нь ч энэхүү даатгалд хамаарна.
  • Байгаль орчинд ээлтэй орон байрны даатгал: Уг даатгал нь орон байр засварлахдаа байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагдахуйц материал ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслийг худалдан авах үед хийгдэх даатгал юм. Хэрэв нарны эрчим хүч, дахин боловсруулагдахуйц материал ашигласан бол үүнд зориулсан нөхөн төлбөрийн даатгалыг мөн гаргасан бөгөөд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахад өндөр төлбөртэй нөхцөлд нөхөн төлбөр олгодог байна.
  • Аялал жуулчлалын ногоон даатгал: Аялал зугаалгад явахдаа ч байгаль орчинд ээлтэй байх сонголтыг хийх боломжтой юм. Ялангуяа онгоцоор аялах нь байгаль орчны доройтолд нөлөөлдөг тул байгаль орчинд ээлтэй аяллын даатгалаар дамжуулах юм. Олон улсад хөдөө аж ахуйн даатгал, гэнэтийн эрсдэл, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх даатгалын бүтээгдэхүүнүүд олноор гарч, өндөр эрэлттэй байгаа ч бага орлоготой өрхүүдэд зориулсан байгаль орчинд ээлтэй, бичил даатгалын бүтээгдэхүүн цөөн. Дэлхийн хэмжээнд бичил даатгалын үйлчилгээ хэрэглэгчдийн 85 хувь нь Ази, 10 хувь нь Латин Америк, 5 хувь нь Африкийн даатгалын зах зээлд байна.

1. Филиппинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэлээс хамгаалах зорилготой бичил даатгалын үйлчилгээ нэвтэрсэн бөгөөд уг даатгалыг сүм хийд, мэргэжлийн холбоод зэрэг нийгмийн бүлэг нь эрсдэлээ тархаах зорилгоор хамтран ашигладаг. Энэхүү даатгалын үйлчилгээ нь байгалийн гамшигт нэрвэгдэх магадлал өндөртэй, гамшигт үзэгдлээс хамгийн их хохирол амсаж болзошгүй бага орлоготой, эмзэг бүлгийн иргэдэд чиглэж хэрэгжиж байгаа нь ногоон даатгалын бүтээгдэхүүний амжилттай жишээ юм.

2. Хонг Конг улсын хувьд Санхүүгийн холбоо нь ногоон санхүүгийн үйлчилгээг дэмжих, зохицуулахад чиглэсэн албан журмын ногоон даатгалын тогтолцоог хөгжүүлэх зорилго бүхий “Ногоон ба тогтвортой даатгал”-ын ажлын хэсгийг байгуулж ногоон даатгалын хөгжлийг дэмжих чиглэлээр “Ногоон даатгалын 4 зарчим” боловсруулжээ. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох – Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, хариу арга хэмжээ авахад байгууллага, олон нийтийг дэмжих зорилгоор даатгал, эрсдэлийн инженерчлэл, андеррайтерийн үйл ажиллагааг боловсруулах;
  • Байгаль орчны хохирол, бохирдол-Уг зарчим нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх, учирсан хохирлыг арилгах шаардлагыг тусгасан. Ногоон даатгал нь энэхүү эрсдэлийг удирдах, шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай болно;
  • Сэргээгдэх, дахин боловсруулах эрчим хүчний хэмнэлт–Даатгуулагчдын өөрчлөгдөж буй хэрэгцээнд дасан зохицохын тулд эрсдэлийн чадавхийг төлөвлөх, эрэмбэлэх, эдгээр салбарын шинэ хамрах хүрээг тодорхойлох;
  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежмент - Ногоон төслүүдэд хангалттай хөрөнгө хуваарилахын тулд даатгалын хөрөнгө оруулалтыг ногоон салбарт чиглүүлж, төвлөрүүлэх.

Мөн уг зарчим нь дараах гол бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

Даатгалын хураамжийн хэрэглээ, удирдлага–даатгуулагчдын төлсөн хураамжийг хуванцар орлуулагч, чулуужсан түлш солих, хог хаягдлыг бууруулах үйл явц зэрэг шинэ технологийн адил гэрчилгээжсэн ногоон хөрөнгийн ангилалд оруулах.

Даатгуулагч, төсөл сонгон шалгаруулах үйл явц–Байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг, “Ногоон” сертификаттай, “Ногоон эдийн засаг”-ийг дэмжсэн брокер, даатгуулагчидтай хамтран ажиллах.

Бизнесийн үйл ажиллагаа - Эрчим хүчний хэмнэлттэй, нүүрстөрөгчийн ул мөр, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах үйл ажиллагаа эрхлэх.

Андеррайтерийн загвар - Даатгагчид эрсдэлийн загвартаа уур амьсгалын өөрчлөлт болон нүүрстөрөгчийн үнэ цэнийг тооцох шаардлагатай. Энэ нь хүрээлэн буй орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа салбаруудын эрсдэлийг тооцоолох боломжийг бүрдүүлэх юм.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт – Нүүрстөрөгч багатай, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй шинэ технологи руу шилжих боломжийг олгодог даатгалын тусгай шийдэл, бүтээгдэхүүнийг бий болгож даатгалын зах зээлд нийлүүлэх.

Санхүүгийн тайлан, тодруулга –Даатгагч нарын үйл ажиллагааны тайлагнах чадварыг харгалзан үзэх.

3. Солонгос улсын хувьд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээнд зориулсан ногоон даатгалыг нэвтрүүлэхээр судалгааны түвшинд ажиллаж байна. Тус улс дахь Европын холбооны худалдааны танхимын Даатгалын хорооноос "Үйлдэл хийх цаг: Солонгос улсын даатгалын салбарын тогтвортой байдал" тайланг 2021 онд нийтэлсэн бөгөөд уг нийтлэлд Солонгосын ногоон эдийн засгийн талаарх мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал, тус улсын даатгалын салбарт энэхүү байгалийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн хэв маяг, төрлүүдийг нэмэх бүрэн боломжтой бөгөөд хэрхэн нөлөөлж байгааг судалснаар эцсийн үр дүнд даатгалын компаниудын инноваци хийх, дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ. Мөн даатгалын компаниуд нь ногоон барилга гэх мэт нүүрстөрөгчийн хий багатай байх бүтээгдэхүүн үйлчилгээний даатгалын хураамжийг андеррайтинг хийхдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах боломжтой бөгөөд дараах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна. Үүнд:

  • Салбарын бодлогын стандартыг бий болгох: Солонгос улсын даатгалын зах зээлийн өвөрмөц онцлогт тохируулан даатгалын салбарын баримт бичгийг боловсруулж, нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь даатгалын салбарт ногоон даатгалын чиглэлээр шинийг эрэлхийлэх, хүчин чармайлт гаргах гол хөшүүрэг болох аж.
  • Ил тод байдлыг эрхэмлэх: Холбогдох арга хэмжээ нь даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудад нээлттэй байх шаардлагатай.
  • Шинэ бүтээгдэхүүн боловсруулах: Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой эдийн засгийн шилжилттэй холбогдох шинэ бүтээгдэхүүн боловсруулж, санал болгох нь даатгалын салбарын хувьд зайлшгүй хийх ёстой зүйл юм. Шинэ бүтээгдэхүүн нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдлаас урьдчилан сэргийлэх шийдлийг бий болгоход чиглэгдэх бөгөөд даатгуулагчид, засгийн газар болон даатгагчийн хувьд алдагдлыг бууруулна.
  • Зохицуулалт болон стресс тест: Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх ерөнхий төлөвлөгөөг дэмжих нь чухал ч даатгалын компаниуд зохих эрсдэлийг дааж, эдгээр аюулыг урьдчилан таамаглах хэрэгтэй. Бусад улс оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тухайн компани болон тухайн салбарт бүхэлд нь хэмжих зорилготой уур амьсгалын стресс тестийн хэрэглээ нэмэгдэж байна. Энэхүү аргачлал нь санхүүгийн байгууллагууд болон эдийн засгийн өдөр тутмын үйл ажиллагаа, төлбөрийн чадвар ба хөрвөх чадварын асуудлууд, засгийн газар,  санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоотой байх замаар түр зуурын цочролыг арилгах зорилготой юм.

Даатгалын салбарын хувьд ногоон даатгал, тогтвортой хөгжлийг дэмжих өөр нэг арга хэрэгсэл нь хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчмыг хэрэгжүүлэх явдал юм. Учир нь даатгалын компаниуд нь хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчийн үүрэгтэйгээр оролцдог бөгөөд даатгалын нийт зах зээлийн хэмжээнд 31.0 их наяд ам.долларын нөөц сангийн хөрөнгө оруулалт хийгддэг байна. Иймд даатгал нь мэргэжлийн хөрөнгө оруулагч талаасаа тогтвортой хөгжилд дараах байдлаар хувь нэмрээ оруулах боломжтой байна. Үүнд:

  • Хүртээмжтэй санхүүжилт, эрүүл мэнд
  • Уур амьсгал болон байгалийн гамшигт уян хатан дэд бүтэц
  • Тогтвортой хөдөө аж ахуй ба ойжуулалт
  • Ногоон барилга, хүлэмжийн хийн бага эсвэл тэг ялгаралтай тээврийн хэрэгсэл
  • Тогтвортой ус болон хог хаягдлын менежмент.  

Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг болох үйл ажиллагаа нь өндөр өртөгтэй байдгаас шалтгаалаад олон улсад ногоон даатгал нь ердийн даатгалтай харьцуулахад өртөг өндөр ч ихэнх даатгалын компани нийгмийн хариуцлагын хүрээнд даатгуулагчаас өндөр даатгалын хураамж авалгүйгээр байгаль орчны хөтөлбөрүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг хүсдэг байна.

Ногоон даатгалын давуу талууд:

  • Бидний хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлнө;
  • Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлнэ;
  • Нийгмийн хариуцлагыг сайжруулна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.