2022 ОНД ТУЗ-ИЙН АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ  

2022-01-28 00:57

Уур амьсгалын өөрчлөлт, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон хувьцаа эзэмшигч нарт холбогдох асуудлуудад төвлөрснөөр Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-үүд дараах нийтлэг сэдвүүдийг дахин эргэн харах шаардлагатай болжээ. Үүнд:

  • Санхүүгийн тогтвортой өгөөж, хувьцааны үнийн өсөлт, ногдол ашиг,  хөрөнгийн бусад өгөөжийн талаарх хувьцаа эзэмшигчдийн хүлээлтийг шийдвэрлэхдээ нэгэн зэрэг хэрхэн БОНЗ болон хувьцаа эзэмшигчдийн саналыг харгалзан үзэх вэ?
  • Бидний хүлээх хуулийн хариуцлага юу байж болох вэ?

Өнгөрсөн жил ТУЗ-ийн түвшинд хийсэн компанийн засаглалын хэлэлцүүлэг бүрт дээрх асуултууд мөн эдгээрийг тэнцвэржүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Энэ оны эхээр Exxon компани итгэмжлэгдсэн төлөөллийн маргаанд ялагдал хүлээсэн түүнчлэн, “Боинг” компанийн ТУЗ-ийн эсрэг хувьцаа эзэмшигчдийн деривативын маргааны шийдвэр нь дээр дурдсан асуудлын ач холбогдлын тод жишээ юм. Түүнчлэн, 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумаас компанийн засаглалын шинэ жишээ загварыг нийтлүүлснээс эхлэн 2019 онд бизнесийн дугуй ширээний уулзалтаар хувьцаа эзэмшигчдийн давуу байдлаас татгалзаж, оролцогч талуудын засаглал тал руу шилжиж эхэлсэн нь зөвхөн ТУЗ-д төдийгүй эрдэм шинжилгээний байгууллага, хууль тогтоогчид, зохицуулагчид, тусгай сонирхлын бүлгүүдийн дунд хэлэлцүүлгийн сэдэв болоод байна.  

Компанийн зорилго нь урт хугацаанд амжилтад хүрч, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх үүднээс хууль ёсны, ёс зүйтэй, ашигтай, тогтвортой бизнес эрхэлж, компанийг зорилгодоо хүрч ажиллахад дэмжлэг үзүүлэх хувьцаа эзэмшигчидтэйгээ тогтмол хамтран ажиллах явдал. Мөн амжилтад хүрэхэд чухал ач холбогдолтой бүх оролцогч талууд өрөнгө оруулагчид, ажилчид, хэрэглэгчид бэлтгэн нийлүүлэгчид, олон нийт)-ын санал бодол, орчин нөхцөлийг анхаарч үзэх шаардлагатай болох юм. Дээр дурдсан өнцгөөс харахад ашгийн төлөөх компанийн үндсэн зорилго, түүнийг хэрэгжүүлэх ТУЗ-ийн шийдвэрийг гаргахдаа компанийн үнэ цэнийг бий болгох, түүнийг өсгөх талаар зайлшгүй тооцох ёстой. Учир нь компани бие даан тусгаарлагдсан орон зайд оршдоггүй бөгөөд оролцогч талуудын нэгдсэн цогц экосистемд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байдаг. Компани үр дүнтэй ажиллаж, үнэ цэнийг бий болгох нь олон тооны оролцогч талуудын оруулсан хувь нэмэр, ашиг сонирхолд тулгуурладаг.

Бизнесийн стратеги, эрсдэл, үйл ажиллагааны бүх шийдвэрийн нэгэн адил компанийн ажилчид, хэрэглэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, олон нийт, ерөнхийдөө нийгэм, хүрээлэн буй орчинтой харилцах харилцаа, сайн сайхан байдлыг харгалзан үзэх нь чухал юм. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19 цар” тахлаас сургамж болгон авч үлдэх нэг зүйл нь компани болон хөрөнгө оруулагчдын харилцан хамаарал, бэлтгэн нийлүүлэгчдийн эмзэг нөхцөл байдал, олон нийтийн уур амьсгал зэргийг заавал тооцоолох шаардлагатай бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал зэрэг өмнө нь гадаад хүчин зүйл гэж үзэж байсан олон зардал, эрсдэлийг бизнесийн стратеги, эрсдэл, санхүүгийн үр дүн, үйл ажиллагаанд  шууд хамааралтай гэдгийг улам бүр анхаарч үзэх болсон явдал юм. Энэ бүхний зэрэгцээ ТУЗ-ийн үүрэг хариуцлага, хууль ёсны үүрэг үндсэндээ өөрчлөгдөөгүй, анхаарал, хичээл зүтгэл гаргаж, компанийн цаашдын замыг тодорхойлохын тулд эрсдэл болон боломжийг үнэлж байх шаардлагатай. Хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын анхаарах ёстой зүйлсийн хүрээ улам бүр өргөн хүрээтэй, илүү төвөгтэй болж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон хувьцаа эзэмшигч нарт холбогдох асуудалд анхаарал хандуулахаас гадна ТУЗ-ийн удирдлага, бүтэц, бүрэлдэхүүн, идэвхтэй байдал, эрсдэлийн удирдлага, хямралын удирдлага, залгамж халааг төлөвлөх, нөхөн төлбөр зэрэг сэдвүүд ТУЗ-ийн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэхэд урьд өмнөх шигээ чухал байх болно.

Эх сурвалж: Harvard Law School Forum on Corporate Governance 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.