ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

2022-04-27 01:48

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирсэн Танака Шиничиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Монгол Улсын хөрөнгийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийн  эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор ЖАЙКА-тай хамтран  “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2 үе шаттай  хэрэгжүүллээ. Төслийн эхний үе 3 жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд дотоодын аж ахуйн нэгжүүд нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах /IPO/ ажиллагааг хэрэгжүүлэх замаар урт хугацааны санхүүжилт татах идэвх сонирхол нэмэгдэж, олон нийтийн санхүүгийн боловсрол дээшлэхийн зэрэгцээ үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын чадавх сайжирсан. Харин төслийн хоёр дахь үе шатны үр дүнд Монгол Улсын үнэт цаасны зах зээлд анх удаа биржийн бус зах зээлийг бий болгохын зэрэгцээ компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхтэй холбогдуулж зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийн хөгжлийн үндэс суурь тавигдаж, дотоодын аж ахуй нэгжүүд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд компанийн өрийн хэрэгслийг хялбар шуурхай, зардал, өртөг багатайгаар гаргаж, шаардлагатай санхүүжилт татах боломж бүрдсэн. Эцэст нь хэлэхэд хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй юм. Цаашид ч хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэмэгдүүлж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр нэгдэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирээд буй Танака Шиничи “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх чиглэлд хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм.  Мөн энэ үеэр Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Тамуро Эрикод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархлаа илэрхийлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дурсгалын гэрчилгээ гардууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.