АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2022-04-27 05:50

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын нийтийн удирдлага, бүс нутгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн салбар хариуцсан газрын дарга Шиаочин Фан, тус газрын ахлах эдийн засагч Идит Жоан Наспил болон холбогдох бусад төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр хоёр тал одоо хэрэгжиж буй зарим төслийн явц цаашид хамтран хэрэгжүүлэх техник туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хэд, хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүн санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийллээ. Техникийн туслалцаа, буцалтгүй тусламжийн хүрээнд хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг хадгаламжийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, тогтворжилтын үйлчилгээг эхлүүлэхэд анхаарч ажилласан. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн арга зүй, хяналт, шалгалтыг сайжруулах хүрээнд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ нэгжийн гарын авлага”, “Харилцагчийг таньж мэдэх гарын авлага”, “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд "СЗХ-ны хяналт шалгалтын бодлогын бичиг баримт"-ийг боловсруулсан.  

Түүнчлэн одоо хэрэгжиж буй “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах болон үр ашгийг сайжруулах” төсөл, 2022-2025 оны хугацаанд хэрэгжих төлөвлөгөөтэй “Төрийн нөөцийн удирдлага, хувийн хэвшлийн хөгжил, санхүүгийн салбарын гүйцэтгэлийг бэхжүүлэх” төсөл болон удахгүй эхлэх “Финтекийн хууль эрх зүй, зохицуулалтын орчныг хөгжүүлэх” төслийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг цахимжуулах үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хүрээнд Хороо үйл ажиллагаагаа зохицуулагч байгууллага болон үйлчлүүлэгч, харилцагчдад шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өөрийн онцлогт тохирсон цахим шилжилтийн томоохон цогц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулаад энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон бөгөөд төлөөлөгчид ч цаашид хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.