АЗИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-04-27 12:26

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнигтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын салбарууд тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой товч мэдээллийг өгөв. Үүний дараа СЗХ-ны дарга Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын эрх зүйн орчин, холбогдох дүрэм, журмуудыг баталж, зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл өглөө. Энэ хүрээнд журмын төслийн хэлэлцүүлгийг амжилттай хамтран зохион байгуулсан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнигд талархсанаа илэрхийлэв.

Азийн сангийн зүгээс үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгч “Хууль бус уул уурхай төсөл”-ийг 2020 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хороотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, бичил уурхайтай холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна гэв. Түүнчлэн суурин төлөөлөгч энэхүү төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хууль бусаар ашигт малтмал олборлох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаатай холбоотой авлига, гэмт хэрэгт тэмцэхэд хамтрах, эрх зүйн орчинд байгаа сиймхий зэрэг асуудлуудыг шийдвэрлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлуудад төвлөрч ажиллах хүсэлтэй байгаа гэлээ.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарын хувьд нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, зохицуулалт, бодлогын уялдаа холбоог хангах нь тэргүүн чиглэл гэж дурдлаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, чиглэлд нэгдэж ажиллана гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Уулзалтын төгсгөлд суурин төлөөлөгч Марк Кейниг Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийлээд эхний шатанд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарт төвлөрч ажиллах цаашлаад мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж идэвхжүүлэх чиглэлд ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.