ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХОЛБОГДОХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-05-19 02:12

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо нийт 10 орчим харилцааг зохицуулах найман журмыг боловсруулж, батлуулах үүрэг хүлээсэн. Энэ дагуу эхний дөрвөн журмын төслийг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, олон улсын стандарт, туршлага, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сүүлийн дөрвөн журмыг мөн боловсруулаад олон нийтээс санал авахаар өнгөрсөн сарын 22-нд Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулсан билээ.

Уг ажлын хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээс “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох бүртгэлээс хасах”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын төслүүд, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-уудын нэмэлт, өөрчлөлтийн төслүүдэд санал авах цахим хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэх ажлын хэсэг, хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл буюу Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл зэрэг байгууллагууд, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ болон  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын төлөөллийг хамарсан нийт 80 орчим этгээд оролцов. Хэлэлцүүлгээр Санхүүгийн зохицуулах хороо болон эрх бүхий байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний  талаар мэдээлэл өгч,  дээрх журмын төслүүдийг танилцуулсан. Харин энэ сарын 20-нд журмын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.