“ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-05-23 04:20

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-уудыг боловсруулан батлуулсан.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-т заасан үлдсэн нэр бүхий дөрвөн журмын төслийг мөн Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулаад олон нийтээс нээлттэй хэлбэрээр санал авахаар өнгөрсөн сарын 25-нд цахим хуудсанд байршуулсан. Энэ хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасах журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын төслүүд, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-уудын нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлгийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зохион байгуулсан. Холбогдох этгээдүүд болон иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг журмын төслүүдэд тусгаад эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 20-нд хийлээ. Цахим хэлбэрээр зохион байгуулсан эцсийн хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөлөл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болон мэргэжлийн холбоод зэрэг 50 гаруй этгээд оролцсон юм.

Хэлэлцүүлгээр журмын төслийн танилцуулга, ирүүлсэн саналыг хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ зөрүүтэй саналыг хэлэлцэж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.