ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЭХ ЦАН ЦОХИЛОО

2022-07-08 05:05

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Н.Хүдэрчулуун,  Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хүдэрмөнх болон холбогдох бусад хүмүүс оролцсон юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Н.Хүдэрчулуун арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд санхүүгийн дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний тоо нэмэгдсэнээр уламжлалт банк, санхүүгийн үйлчилгээг халж, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын санхүүгийн үйлчилгээг авах зардал, цаг хугацаа багасахаас гадна блокчэйн, хиймэл оюун ухаан, их тоон өгөгдөл зэрэг программ хангамж, технологийн дэвшлийг ашиглах замаар санхүүгийн хүртээмжийг хурдацтай өсгөх хөгжлийн чиг хандлага нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд дотоодын хөрөнгийн зах зээлд өөрийн хөгжүүлсэн программ хангамж, санхүүгийн шинэ технологийг ашиглах замаар санхүүгийн үйлчилгээг харилцагчдад хүргэж буй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд хувьцаагаа нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болох мөн компанийн өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг биржээр болон биржийн бус зах зээлээр дамжуулан гаргаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах сонирхол нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ч хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, банкны салбартай өрсөлдөхүйц урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн журам”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам” болон хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанитай холбоотой нэр бүхий журмуудыг өөрийн орны онцлог, зах зээлийн нөхцөл байдал болон олон улсын жишигт  нийцүүлсэн. Үүний үр дүнд дотоодын аж ахуйн нэгжүүд банкны богинот хугацаат зээлийн санхүүжилтээс илүүтэй хувьцаагаа олон нийтэд санал болгон худалдах, арилжаа эрхлэх биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нэмж хувьцаа гаргах ажиллагааг хялбар, шуурхай байдлаар хэрэгжүүлж, улмаар шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлэх боломж нэмэгдсэн бөгөөд үүний нэг тод жишээ бол өнөөдрийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг нь нээж буй “Эрдэнэс сольюшинс” ХК болж байна. Цаашид Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох байгууллагуудыг бий болгох хүрээнд зохицуулалтыг нь боловсронгуй болгох, системийн банкуудын IPO-г амжилттай хэрэгжүүлэх, ТӨХК-уудын хувьчлалыг биржээр дамжуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэрэг бодлого, зохицуулалтын томоохон ажлыг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолсон юм.

Тус компани нь нийтэд санал болгон нэмж 16.572.469 ширхэг хувьцаа гаргасан бөгөөд эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан тул дахин нэг хувиа нэмж олон нийтэд санал болгон гаргаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.