АНДМУТБ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨМЖ 15-ЫН ҮНЭЛГЭЭГ АХИУЛАВ

2022-07-27 10:50

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/-ээс Малайз Улсын Куала Лумпур хотод 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-д Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан холбогдох байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ФАТФ-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах чиглэлээр АНДМУТБ-т Дахин үнэлгээний тайлан, тодруулгыг тухай бүр хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан.

Өнөөдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр АНДМУТБ-ээс Монгол Улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлав. Хуралдаанаар Дахин үнэлгээг Зөвлөмж 15-ын хүрээнд танилцуулж, Монгол Улсын Зөвлөмж 15-ын үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж 2021 онд үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож, 1 шатаар амжилттай ахиулав. Зөвлөмж 15-ын үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39 “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж ахиц гаргав.

Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаар АНДМУТБ-ийн гишүүн орнуудад Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн туршлагаас хуваалцаж илтгэл тавьж оролцлоо. АНДМУТБ-ийн дарга болон төлөөлөл Монгол Улсад баяр хүргэж, үнэлгээг ахиулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлсэнд баяр хүргэж, сайшаав.

Түүнчлэн АНДМУТБ-ийн дарга Иан Маккартни Д.Баярсайхан дарга болон холбогдох байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзалт зохион байгуулсан бөгөөд цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож ажиллав.

Мөн ФАТФ-ын шинээр томилогдсон Ерөнхийлөгч Ража Кумар болон гишүүн орнуудын төлөөлөлтэй “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо” сэдэвт уулзалтад оролцлоо.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.