ХҮНДЭТГЭЛИЙН ЦАН ЦОХИЛОО

2022-09-15 09:39

Санхүүгийн зохицуулах хорооноос Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар аж ахуй нэгжүүд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нээлттэй болон хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдаас татах эрх зүйн таатай орчин бүрдсэн. 

Харин өнөөдөр биржийн бус зах зээлийн анхны арилжааг эхлүүлсний нэг жилийн ой буюу энэ хугацаанд нэг их наяд төгрөг бүртгэж чадсан хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо. Ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, МҮЦАЭХ-ны удирдлагууд болон үнэт цаас гаргагчдын төлөөлөл оролцлоо. 

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам батлагдсанаар Монгол Улсад дотоодын аж ахуй нэгжээс арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлийн өндөр шалгуурыг хангахгүйгээр энэ зах зээл дээр компанийн өрийн хэрэгслийг өртөг, зардал багатайгаар түргэн хугацаанд гаргаж, шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагчдаас татах зохицуулалтын орчин бүрдэж чадсан. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн 31 жилийн хугацаанд анх удаа бирж, биржийн бус зах зээл гэсэн давхар дугуйтай болсныг онцлох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр МҮЦАЭХ-нд энэ зах зээлийг удирдан зохион байгуулах чиг үүргийг хүлээлгэсэн нь төрийн байгууллагаас зарим чиг үүргээ төрийн бус байгууллагуудад шилжүүлсэн томоохон шийдвэр болсон. Тус холбооноос биржийн бус зах зээлийн арилжааны платформыг нэвтрүүлж, компанийн бондын анхны арилжааг одоогоос жилийн өмнө амжилттай эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 52 аж ахуй нэгжийн нийт 1 их наяд гаруй төгрөгийн  үнийн дүн бүхий 66 компанийн бонд бүртгэгдэж үүнээс 670 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Ингээд зогсохгүй энэ зах зээл дээр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд илүүтэй компанийн бонд гаргаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах хандлагатай байна. 

Мөн Инновацийн тухай хуулийн 12-ын 1 дэх заалтын дагуу гарааны компани энэ зах зээл дээр хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргахтай холбогдсон харилцааг журамд нэмж тусгасан. Ингэснээр гарааны компаниуд биржийн бус зах зээлийн бэлэн программ хангамж, хөрөнгө оруулагчдын цогц системийг ашиглаж 500 сая төгрөг хүртэл санхүүгийн эх үүсвэрийг татах боломж бүрдсэн. 

Эцэст нь хэлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос зах зээлийн оролцогч, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран энэ зах зээлээ улам идэвхжүүлэн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нь өсгөх, компанийн өрийн хэрэгслээс бусад төрлийн үнэт цаасыг арилжаалдаг болгох чиглэлээр бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.