ВЭБИНАР СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2022-09-20 00:55

Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ТоС холбоо, ОУСК болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани, банк бус санхүүгийн байгууллагуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/-ын стандарт, тайлагналыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж БОНЗ-ын тайлагналын удирдамжийг боловсруулсан билээ. БОНЗ-ын тайлагнал гаргах олон улсын стандарт, аргачлалын нэг болох Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд нь компаниудын тайлагнавал зохих асуудлуудын чухал хэсэг юм. Хүний эрхийн магадлан шинжилгээ хийснээр БОНЗ-ын эрсдэл болон боломжийн нөлөөллийг үнэлэхэд давуу талтай ба олон улсад компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд БОНЗ-ын тайлан, хүний эрхийн магадлан шинжилгээг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна.

Энэхүү хүрээнд Бизнес ба Хүний эрхийн талаар танилцуулахаар Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” глобал төслийн хүрээнд “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх аргачлалыг танилцуулах вебинар сургалт энэ сарын 21-н буюу маргааш болно. Уг сургалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх ахиц дэвшилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд БОНЗ-ын тайлан гаргах нээлттэй хувьцаат компаниуд болон “Компанийн засаглалын кодекс”-ийг хэрэгжүүлэх үүрэгтэй аж ахуйн нэгжүүдэд чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадаад улс дахь бизнесийн түншүүд болон олон нийтийн хүрээнд нэр хүндээ өсгөх, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлээс хамгаалах давуу талыг бий болгодог талаар дэлгэрэнгүй танилцуулна.

Бүртгүүлэх бол энд дарна уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.