УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК- дээр ажиллаж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцоод хүндэтгэлийн цан цохилоо. Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох бусад хүмүүс оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөх, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр дараах бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:
- Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор олон улсын жишгийн дагуу арилжааны дараах төлбөр тооцоог Т+2 горимд шилжүүлж, төлбөрийн эсрэг нийлүүлэлт /DvP/ зарчмыг нэвтрүүллээ.
- Давхар бүртгэлийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлж, дотоодын болон гадаадын биржүүдийн хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлдэг нөхцөлийг бүрдүүлсэн.
- Компанийн бондын зах зээлийг хөгжүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан шинэ зах зээлийг бий болгох хүрээнд “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг 2020 онд баталж, улмаар хөрөнгийн зах зээлд “Бирж” болон “Биржийн бус зах зээл” гэсэн хоёр санхүүжилтийн тогтолцоог бүрдүүллээ.
- Дотоодын аж ахуйн нэгжийг IPO, компанийн бонд гарган санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд хуучин нэг байсан журмыг “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам” гэж 2 салган олон улсын жишигт нийцүүлж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулсан.
- Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлэх хүрээнд ХОС болон ХОМК-ийн зохицуулалтын журмуудыг багцлан олон улсын жишигт нийцүүлж, хамтын нээлттэй, хаалттай ХОС, биржээр арилжаалагддаг сан /ETF/-ууд нэмэгдэх бололцоог нэмэгдүүлсэн.
Энэ бүхний үр дүнд өнгөрсөн онд зах зээлийн үнэлгээ 95.8 хувиар өсөж 6.0 их наяд төгрөгт, түүний ДНБ-д эзлэх хувь 15.3 хувьд, үнэт цаасны арилжаа 21.6 дахин өсөж 1.4 их наяд төгрөгт хүрснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийн 30 жилийн хугацаанд хамгийн өндрөөр өсөж, хамгийн хурдтай өсөж буй хөрөнгийн зах зээлтэй улсаар тодорсон.
Мөн биржийн бус зах зээл үүсэнээс хойш нэг жилийн хугацаанд 52 компаниас 1.1 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 66 компанийн бондыг гаргаж, 670 гаруй тэрбум төгрөгийг татаж чадсаныг онцлох нь зүйтэй. Түүнчлэн хөрөнгийн бирж дээр хамтын ХОС, анхны төгрөг-валют хосолсон компанийн бонд, арилжааны зориулалттай ХБҮЦ, санхүүгийн технологид суурилсан анхны дижитал бонд /Monpay/, анхны банкны IPO /Богд банк/, анхны нээлттэй хөрөнгө оруулалтын сан зэрэг цоо шинэ төрлийн 44 санхүүгийн бүтээгдэхүүн гарлаа. Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн энэхүү өндөр өсөлт, амжилтыг хэвээр хадгалан хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан хувьчлах, банкны салбарын реформыг амжилттай хэрэгжүүлэх зэрэг бодлогын шат дараалсан арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэдгийг онцолсон юм.
Мөн энэ үеэр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, зохицуулалт”-ын талаар танилцуулга хийсэн юм.