САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ТЭРБУМ МОД” АЯНД 2 ДАХЬ ЖИЛЭЭ НЭГДЛЭЭ

2022-09-26 10:05

Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон байгалиа хайрлан хамгаалж, мод тарьж ургуулах үйлсэд хувь нэмрээ оруулахаар хоёр дахь жилээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээд байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 га талбай 4 хувиар буурна. Нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд 2030 он гэхэд 9 хувьд хүргэж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан.

СЗХ-ны хамт олон өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн Бумбатын аманд өөрийн нэрэмжит төглөө байгуулж 200 орчим мод тарьж, арчлан ургуулсаар байгаа бол энэ удаад экологийн тэнцвэрт байдлыг хангах, тэр дундаа цөлжилт болон ой модны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай бүс нутгийг сонгож мод тарих зорилгоор энэ амралтын өдрүүдэд зохицуулалтын зарим байгууллага /“Инвескор ББСБ” ХК, “Ашид Капитал ББСБ” ХХК, “Таванбогд Финанс” ХХК, Бичил глобус финанс ББСБХХК Очир төр инвестмент ББСБХХК, Соно финтек ББСБ ХХК/-уудын хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2500 гаруй мод тарьж, 3 жил арчилж, хамгаалан холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр зорьж байна.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан энэ үеэр “Тэрбум мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам билээ. Санхүүгийн салбарт ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг тэлэх ингэснээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг зорилтын төлөө ажилладгийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон 2 дахь жилээ үндэсний хөдөлгөөнд нэгдэн модоо тарих гэж байна. Тэр дундаа ногоон санхүүжилтийг дэмжих судалгаа хийх, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, төлөвшүүлэх, бодлого тодорхойлогчийн хувьд ногоон санхүүжилтийг дэмжих замаар салбарынхаа тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарч, салбарын оролцогчдоо ч ногоон санхүүжилтийг хөгжүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод”  хөдөлгөөнд нэгдэж ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.