ГОЛОМТ БАНК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-11-23 03:10

“Голомт банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, “Голомт банк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ  “Аж ахуй нэгж, компани хувьцаагаа олон нийтэд санал болгосноор хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэхийн сацуу тухайн компанийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, ажлын байр шинээр бий болгох, урт хугацааны өсөлт, хөгжилд хөтлөх суурийг тавьдаг. Хөрөнгийн зах зээлээс эхлэн хөдөлмөрийн зах зээл хүртэл нийт эдийн засгийг хамарсан үр өгөөж өндөртэй учраас тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүргэх нэг арга зам нь олон нийтэд нээлттэй компаниудынхаа тоог нэмэгдүүлэх буюу шинээр IPO гаргаж буй компаниудыг нэмэгдүүлэх гэдэгтэй бодлого гаргагчид бүрэн санал нэгддэг. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл, тэр дундаа хувьцааны зах зээл нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох замаар санхүүгийн зах зээл, бизнесийн орчны нүүр царай болдог. Ийм ч учраас IPO гаргаж олон нийтэд нээлттэй болж буй компаниудын тоо өсөн нэмэгдэх нь тухайн улсын эдийн засаг, бизнесийн орчны ирээдүйд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.  

УИХ-аас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд хийгдэж буй банкны реформ амжилттай хэрэгжиж өнөөдөр банкны системийн нөлөө бүхий оролцогчдын нэг “Голомт банк” анхдагч зах зээлийн арилжаагаа ийнхүү эхлүүлж байна. Энэ онд хөрөнгийн зах зээл дээр 3 компанийн IPO амжилттай гарч нийт 38.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн ба “Голомт банк” 4 дэх IPO-г гаргаж 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм байна. Хүн ам цөөнтэй, далайд гарцгүй манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэн, хөгжүүлэх нэг хаалга нь санхүүгийн зах зээл билээ. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, аж ахуй нэгж, компаниуд олон нийтэд нээлттэй болох санхүүгийн зах зээл дээр олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарахад бодлого, зохицуулалтын талаас нь үргэлж дэмжин ажиллах болно” гэдгийг онцоллоо.

“Голомт банк” нь нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1285 төгрөгөөр олон нийтэд санал болгож 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.