МЭНДЧИЛГЭЭ

2022-11-23 06:34

Монгол Улсад арилжааны даатгалын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан даатгалын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, мэргэжлийн оролцогчид, холбоод болон даатгуулагч иргэд, байгууллага Та бүхэндээ ойн баярын мэндийг дэвшүүлье.

Даатгалын салбарын тогтвортой хөгжил, улс орон, нийгмийн эрсдэлээс хуваалцах чадвар сүүлийн жилүүдэд өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Санхүүгийн зохицуулах хорооноос ч даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг салбартаа өрнөж буй техник технологийн хувьсгалд нийцүүлэн хөгжүүлэх, олон тулгуурт даатгалын салбар буюу амьдралын даатгал, заавал даатгал, давхар даатгалыг хөгжүүлэх, салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, даатгалын салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргаж, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал, Даатгалын салбарын багц хууль болох Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг  боловсрууллаа. Мөн УИХ, Засгийн газраас баримталж буй бодлого, олон улсын туршлага, чиг хандлагад үндэслэн “ногоон даатгал”-ын нэр томьёолол, зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгаснаар тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх, дэлхий даяар тулгамдаад буй цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргийг бууруулахад салбарын оролцоог нэмэгдүүлж олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн бодлоготой хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүллээ.

Олон улсад даатгалын салбарын хөгжлийг тодорхойлох нэг чухал үзүүлэлт нь амьдралын даатгал байдаг. Манай улсын амьдралын буюу урт хугацааны даатгалын анхны компани 2008 онд СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авснаас хойш 14 жилийн дараа буюу энэ онд 2 дахь компани тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь салбарын хөгжлийг эрчимжүүлэх бас нэгэн чухал үйл явдал болсныг онцлон дурдах нь зүйтэй юм. Түүнчлэн бид даатгалын зах зээлд цахим болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар даатгалын компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбаршуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ даатгалын компаниудыг мэргэжлийн институциональ хөрөнгө оруулагч хэлбэрээр хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлж, салбаруудын харилцан уялдаа холбоог хангах замаар хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх их ажил Та биднийг хүлээж буй тул нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох нөлөөг үзүүлэгч даатгалын зах зээлийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө нэгдэж, дэмжиж ажиллахыг хүсье.

Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил улам эрчимжиж, салбарын оролцогчид чадавхжин хөгжиж, Монгол улсын иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан, тогтвортой санхүүгийн орчин улам бэхжихийн ерөөл өргөе.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.