КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН ГАРЛАА

2023-01-11 08:30

Санхүүгийн зохицуулах хороо “Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн баталж, “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгэснээр нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, итгэлцлэлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд дагаж мөрдөх үүргийг хүлээсэн. Энэ дагуу 116 зохицуулалттай этгээдийн кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар кодексийн хэрэгжилтийн анхны буюу нөхцөл байдлын үнэлгээ 55.3 хувийн гүйцэтгэлтэй байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос мөн үнэлгээний тайлангийн хариугаар компани тус бүрт зөвлөмж, чиглэл, хугацаатай үүрэг даалгавар өгч өнгөрсөн сард биелэлтийг нь тооцсон давтан үнэлгээгээр зохицуулалттай 3 салбарын кодексийн хэрэгжилт дунджаар 16.4 хувиар өссөн байна. Ингэснээр компанийн засаглалын чанар буюу кодексийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнд суурилсан компанийн засаглалын зэрэглэл тогтоох ажил дээр дурдсан салбаруудад хэрэгжиж эхэллээ.

Зохицуулалттай этгээдийн кодексийн хэрэгжилтийг аргачлалын дагуу үнэлэх, үнэлгээний нэгдсэн тайлан, судалгаа гаргах болон салбарын засаглалын зэрэглэл тогтоох нь компанийн засаглалын чиг хандлага, эрсдэлийг тодорхойлох, салбартаа засаглалаар тэргүүлэгч компаниудыг тодруулах ач холбогдолтой. Нөгөө талаар компанид өөрийн засаглалын түвшинг бусадтай харьцуулах, сайжруулахад нь зориулсан сайн жишгийг бий болгох, үйл ажиллагаандаа эрсдэлийн дүн шинжилгээ хийх засаглалын үзүүлэлтийг бий болгосноор үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зэрэг олон давуу талтай юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч мөн салбар тус бүрийн зохицуулалттай этгээдийн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ, нэгдсэн судалгааг тогтмол хийх ба үнэлгээний дүнг компанийн засаглалын тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхойлох, засаглалын зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход болон зөвшөөрөл олгоход дүн шинжилгээ хийх, олон нийтэд мэдээлэл өгөхөд ашиглах юм. 

Кодексийн хэрэгжилтийн үнэлгээний 2022 оны тайлантай энд дарж танилцана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.