МЭНДЧИЛГЭЭ

2023-01-18 03:25

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хөрөнгө оруулагчид, зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд, нийт ажиллагсад Та бүхэндээ Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 32 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний сацуу банкны салбарын реформтой холбоотойгоор санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах арга хэмжээг авсны үр дүнд хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон ахиц дэвшлүүд гарсныг онцлох нь зүйтэй болов уу.  

Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс дэлхийн топ өсөлттэй хөрөнгийн зах зээлээр тодорсон түүхэн үйл явдал болсны зэрэгцээ FTSE Russell  групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор оруулсан.

УИХ-аас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд хийгдэж буй банкны реформ амжилттай хэрэгжиж эхэлснээр банкны үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох боломж бүрдлээ. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ч өсөж чанартай, хөрвөх чадвар өндөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам боллоо. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээгээ хоёр дахин өсгөх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  төрийн өмчит компаниудын хувьчлалыг “Монголын хөрөнгийн бирж”-ээс  эхлүүлж өдгөө хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгоод байна. Дашрамд дурдахад манай улсын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил 32 жилийн өмнө мөн төрийн өмчийн хувьчлалаар эхэлж бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжиж байсан түүхтэй билээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр тулгуурт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулснаар 940.86 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Ийнхүү хийсэн ажил, хэлэх зүйл ихтэй хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 32 жилийн ойгоо угтаж байна. Цаашид ч хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлэн хөгжүүлж, техник технологийн дэвшлийг ашигласан, тогтвортой хөгжлийг дэмжсэн олон тулгуурт хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо анхаарч ажиллах болно. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан төрийн болон хувийн хэвшил, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлэхийн сацуу хөрөнгийн зах зээлийн нийт ажилтан, мэргэжилтэн Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл улам хүчирхэгжин бэхжиж, олон улсад өрсөлдөхүйц, эдийн засгаа тэтгэсэн, чанартай, хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ арвижих болтугай.

 

 САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.