“ОЛОН НИЙТИЙН ДААТГАЛЫН БОЛОВСРОЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-03-09 02:09

Даатгалын талаар ойлголт, мэдлэгтэй үйлчлүүлэгчид аливаа эрсдэлийг тооцож улмаар ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг даатгалд шилжүүлэх, үр ашгийг нь хүртэх боломж өндөр байдгийг судлаачид онцолсон байдаг. Харин даатгалын боловсрол, мэдлэг, мэдээлэл дутмаг байх нь иргэд эрсдэлээ шилжүүлэх, бууруулах хэрэгцээгээ хангаж чаддаггүй, даатгалын хамгаалалтгүйгээс хохирлыг даван туулах гэнэтийн санхүүгийн дарамттай учирдаг.     

Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд дангаар болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ дагуу буюу тэр дундаа олон нийтийн даатгалын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх санал, санаачлагыг нэгтгэн салбарын оролцогчдын хамтын ажиллагааг бий болгох зорилгоор “Олон нийтийн даатгалын боловсрол” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 06-нд зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо, “МИК ОССК” ХХК болон даатгалын зуучлагч банкууд, даатгалын компанийн төлөөллүүд оролцож олон нийтийн даатгалын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогч нар олон нийтийн даатгалын боловсролд чухал ач холбогдол өгч хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд даатгалын талаар иргэдэд зөв ойлголт,  мэдээлэл хүргэх, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулах мөн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарах шаардлагатайг онцлоод СЗХ-ноос хэрэгжүүлэх ажлын саналуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.