Д.БАЯРСАЙХАН: МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2023-03-13 03:57

Засгийн газраас нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг  зохицуулсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд журмын хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих зохицуулалттай. Цахим арилжааг зохион байгуулахад нээлттэй, ил тод байх, оролцогчдын тэгш эрхийг хэрхэн хангах, нөгөө талаар зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг оролцогчдод үнэн зөв, шуурхай хүргэх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

- Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зохицуулалт, хяналт хэрхэн явж байна вэ?

-УИХ-аас уул уурхайн бүтээгдэхүүний үнийг шударгаар тогтоох, борлуулалтыг нээлттэй, зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар хийх зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын арилжааг ил тод, нээлттэй болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Хуулийг энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд энэ хугацаа хүртэлх шилжилтийн үеийн зохицуулалт нь Засгийн газраас баталсан нүүрсний нээлттэй цахим арилжааны журмаар явж байна. Манай байгууллагын хувьд эдгээр хууль, журмыг боловсруулж, батлуулах ажилд эхнээс нь оролцож, УИХ болон Засгийн газраас гаргасан бодлогын шийдвэрийг холбогдох дэд бүтцийн байгууллагуудынхаа хамтаар шуурхай хэрэгжүүлж ажиллалаа. Хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр нээлттэй цахимаар арилжаалах нь манай улсад анх удаа хийгдэх харилцаа тул арилжааны үйл явцаас эхлээд хяналт, зохицуулалт хэрхэн явах зэрэг нэгдсэн нэг ойлголттойгоор арилжааг явуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ ч үүднээс бид оролцогч бүхий л талуудтай холбогдох уулзалтуудыг хийж, мэдээлэл солилцох, талуудад хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлын холбогдох чиглэлүүдийг өгөх зэрэг ажлыг хийлээ. Үүний зэрэгцээ одоо явж буй цахим арилжаан дээр хяналт тавихтай холбоотой журмыг боловсруулж, өнгөрсөн нэгдүгээр сард батлуулан мөрдөж байна. Энэ мэтчилэн маш олон ажлыг бүх талын хамтын ажиллагаа, оролцоотойгоор түргэн шуурхай хийж ажилласны үр дүнд нүүрсний экспортын цахим арилжаанууд эхнээсээ амжилттай явагдаж байгааг дурдах нь зүйтэй болов уу.

- Өнөөдрийн байдлаар хэдэн компанийн хичнээн хэмжээний нүүрсний арилжаа хийгдээд байна. Ер нь оролцогчдод ямар давуу талууд бий болж байна вэ?

-Нүүрсний цахим арилжаа явагдаж эхэлснээс хойших хугацаанд нийт 5 удаагийн арилжааг биржээр амжилттай явууллаа. Эдгээр арилжаанаас харахад худалдан авагчид нэлээдгүй идэвхтэй оролцож байна. Ханш нь анх зарласан үнээсээ тодорхой хэмжээнд өсөж байна. Хамгийн гол нь арилжаа нээлттэй явж, худалдан авагч талуудын үнэ хаялцаж буй үйл явц шууд, ил тод харагддаг. Анхнаасаа арилжааны дүрэм нь тодорхой, Санхүүгийн зохицуулах хороо болон хөрөнгийн биржийн хяналт, зохицуулалттайгаар явж байгаа нь оролцогчдод арилжаанд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа болов уу. Тодруулбал, 107 худалдан авагч биржийн арилжаанд оролцох эрхээ авч бүртгүүлсэн нь үүний нэг тод илрэл юм. Биржээр дамжуулан гүйцэтгэж буй цахим арилжаанд худалдагч талаас төрийн болоод хувийн хэвшлийн хамгийн том нүүрс экспортлогч компаниуд оролцож байна. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” ХК 160 мянган тонн хатуу коксжих нүүрс, “Энержи ресурс” ХХК 44.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс буюу нийт 204.8 мянган тонн нүүрсийг арилжаалаад байна.

-Тэгвэл Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөж эхэлснээр энэхүү цахим арилжаанд ямар өөрчлөлт орох вэ? Уул уурхайн бүтээгдэхүүний бирж шинээр байгуулагдах уу?

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байхаар заасан. Харин  биржийг шинээр байгуулах уу эсвэл үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг гүйцэтгүүлэх үү гэдгийг шийдвэрлэх эрх нь Засгийн газарт хуулиар олгогдсон. Засгийн газрын өнгөрсөн сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжаалахаар шийдвэрлэсэн. Ийм учраас Хөрөнгийн бирж хуулийг мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд бэлтгэл ажлуудаа шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Бирж өөрөө ч тусгай зөвшөөрөл авсан зохицуулалттай этгээд болохын хувьд бидний зүгээс биржид шаардлагатай чиглэл, зөвлөмжийг тухай бүрт нь өгч, бэлэн байдлыг хангуулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Хууль мөрдөгдөж эхэлснээр одоогийн явж байгаа арилжаанд нэлээдгүй өөрчлөлтүүд орно. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан биржийн арилжааны зуучлагч буюу брокероор дамжуулж талууд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцоно. Харин уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторийг бирж бүртгэж, итгэмжлэл олгохоор хуульчилсан. Одоо мөрдөгдөж буй Засгийн газраас баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу явагдаж буй арилжаа нь хууль дагаж мөрдөгдөх хүртэл нүүрсийг нээлттэй, цахимаар арилжаалах бодит практик үүсгэх тул хууль хэрэгжүүлэхэд ихээхэн чухал суурь болно гэж харж байна.

-Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгоно гэж түрүүн Та хэллээ. Энэ тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагууд нь тодорхой болсон уу?

-Өмнө дурдсанчлан хууль дагаж мөрдөгдөх хүртэл хугацаанд дэд бүтцийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахаас эхлээд бирж болон зуучлагчдад тавигдах шалгуурыг тодорхойлох, үүнтэй холбоотой дүрэм, журмуудыг боловсруулах зэрэг маш чухал ажлуудыг бид одоо хийж байна. Түүнчлэн хуульд тусгасан үүсмэл санхүүгийн хэрэгслүүд болох форвард, фьючерс, опцион гэх зэрэг манай улсад өмнө нь гараагүй санхүүгийн нарийн төвөгтэй хэрэгслүүдийн зохицуулалтын орчныг шинээр бий болгох юм. Иймээс энэ ажилд бүх оролцогч талын хамтын ажиллагаа нэн чухал. Хорооноос энэ чиглэлд өгсөн зөвлөмж, чиглэлийн хүрээнд холбогдох байгууллагууд дор бүрнээ бэлэн байдлаа хангаад, шаардлагатай бэлтгэл ажлаа хийж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг зах зээлд амжилттай нэвтрүүлэх хүрээнд шаардлагатай бүхий л дэд бүтэц, тогтолцоог цогцоор нь харах, дүрэм, журмуудаа боловсруулах ажилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, идэвх оролцоо буюу олон нийт, энэ зах зээлийн талаарх мэдлэг чадвартай бусад байгууллага, мэргэжилтнүүдийн идэвх оролцоо чухал байгааг энд онцлох нь зүйтэй.

-Уул уурхайн биржийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, лаборатори болон тээвэр зуучийн компаниудыг итгэмжлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? Ямар шаардлага хангасан агуулах, лаборатори болон тээвэр зуучийн компаниуд итгэмжлэгдсэн байх ёстой вэ?  

-Засгийн газраас баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу цахимаар арилжаалах нүүрсний чанарын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийлгүүлж, шинжилгээний дүгнэлтээ арилжаа зохион байгуулагчид хүргүүлж арилжааг зохион байгуулахаар зохицуулсан. Шаардлагатай гэж үзвэл худалдагч, худалдан авагч талууд хооронд байгуулах экспортын гэрээнд хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэх талаар тусгаж болно. Мөн биржээс нээлттэй цахим арилжаагаар худалдсан нүүрсний экспортын гэрээний жишиг загварыг баталсан. Уг загварт худалдагч нь гэрээт тээврийн компаниудын тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг хийж, уурхайн нүүрс ачилтын үйл ажиллагаанд хамруулах бөгөөд худалдан авагч нь нүүрс нийлүүлэх цэгээс нүүрс экспортлож буй тээврийн хэрэгслийн талаарх шаардлагатай бүхий л мэдээллийг худалдагчид урьдчилан хүргүүлэх талаарх заалтууд туссан. Энэхүү зааврын хэрэгжилтэд манай холбогдох мэргэжилтнүүд Монголын хөрөнгийн биржийнхэнтэй хамтраад хяналтаа тавиад явна.

Харин өмнө дурдсанчлан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторийг бирж бүртгэж, итгэмжлэл олгохоор заасан. Үүнтэй холбоотой нарийвчилсан журмыг Хорооны зөвшөөрлөөр биржийн ТУЗ-өөс баталж, мөрдүүлэх юм.

Эх сурвалж:Ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.