ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
ТОП 100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулахад чиглэсэн богино хугацааны хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлэхээр боллоо.
Санхүүгийн зохицуулах хороо МҮЦАЭХ-той хамтран өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын дунд IPO форумыг амжилттай зохион байгуулсан. Үүний хойш өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд дотоодын 4 аж ахуйн нэгж IPO хийх замаар нийт 157 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, 1 компани 20 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргаж, биржийн бус зах зээл дээр 72 аж ахуйн нэгжээс 91 компанийн бонд гаргаж, нийт 996 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна.
Нөгөөтэйгүүр “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр ТОС холбоо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ зэрэг олон улсын байгууллагатай бид хамтран ажиллалаа. Энэ хугацаанд олон нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, банкны богино хугацаат, өртөг өндөр зээлийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах зохицуулалтын орчныг боловсронгуй болгохоор “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталлаа. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд” гарах боломж бүрдсэн. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс “Ногоон таксономи”-г баталснаар дэлхийн хэмжээнд ногоон таксономиг баталсан 2 орны нэг нь манай улс болж, банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх суурь нөхцөл бүрдээд байна. Цаашилбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн онд зохион байгуулсан “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ны үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж энэ дагуу тогтвортой санхүүжилтийг дэмжих, хөрөнгийн зах зээлийг ногоон болгон хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Түүнчлэн УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг шинэ бүтээгдэхүүн гаргахад тухай бүрт нь дэмжлэг үзүүлсний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд 51 санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн байна.