ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Коппа, гүйцэтгэх захирал О.Орхон болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжин, хөгжиж, зах зээлийн үнэлгээ энэ он гарсаар 9 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Энэ нь нэг талаар УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын томоохон арга хэмжээнүүдийн үр дүн. Нөгөө талаас зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр өгөөж юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг оролцоог өсгөх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилт татах хөшүүргийг бий болгох үүднээс бид зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, дэд бүтцийн шинэчлэл буюу үнэт цаасны дараа төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний сацуу УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” хүрээнд дэд бүтцийн байгууллагуудын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл хураамжийг бууруулж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжих үүднээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад анхаарч ажилласан. Ингэснээр Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийтэд санал болгон нээлттэй арилжаалагдах үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гаргахтай холбоотой гарсан зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцох, хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлөх, нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулах зохицуулалтууд орж, энэ оноос эхлэн даган мөрдөж эхэллээ.
УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар арилжааны банкуудад зохистой засаглалыг бий болгох, олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод банкны салбарыг бүрдүүлэхэд томоохон түлхэц болж буй төдийгүй зөвхөн банкны салбар бус нийт санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, нэн ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болсон. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий нийт 3 банк IPO-гоо амжилттай хийсэн бол өнөөдөр Худалдаа хөгжлийн банк анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж байна. Ингээд тус банкны арилжаанд нь амжилт хүсье” гэсэн юм.
“Худалдаа хөгжлийн банк” ХХК нь нийт хувьцааныхаа 5 хувь буюу 2,530,047 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 33,000 төгөргөөр олон нийтэд санал болгож 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.