Д БАЯРСАЙХАН: БАНКНЫ САЛБАРЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ АМЖИЛТТАЙ ЯВЖ БАЙНА
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Bloomberg TV Mongolia" телевизэд хөрөнгийн зах зээл тэр дундаа банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах ажлын явц ямар байгаа талаар ярилцлага өглөө.
Тэрбээр энэ үеэр томоохон банкууд IPO хийснээр илүү ил тод нээлттэй болж, компанийн засаглал сайжирч, хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл буурах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөө үзүүлж байна. Мөн хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвар өндөртэй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, нэг талаас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа нэмэгдэх нөгөө талаас мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжихэд чухал алхам болсон. Иргэдийн хувьд ч зөвхөн тухайн банкны харилцагч байхаас гадна тухай банкны хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болж банкны ашигт ажиллагаанаас хамаарч ногдол ашиг хүртэх мөн ханшийн хэлбэлзлээс ашиг олох боломжтой гэдгийг онцоллоо.