ОРОН НУТГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-05-25 06:05

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэдийн санхүүгийн мэдлэг боловсрол, оролцоо чухал үүрэгтэй. Ийм ч учраас Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, мэдлэг түгээх сургалт хэлэлцүүлгийг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Гэхдээ ковидын цар тахал, хөл хорионы улмаас өнгөрсөн гурван жил зохион байгуулж чадаагүй. Харин энэ жилээс сургалт хэлэлцүүлгээ хойд бүсийн аймаг болох Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас эхлүүлж байгаа бөгөөд өнөөдөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон арга хэмжээнд хамтран оролцож буй Монгол үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, үнэт цаас болон даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн иргэд, олон нийт оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн салбар, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарыг анх хариуцаж байсан бол холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэнээр өнөөдөр нийт 11 салбарын 6000 гаруй зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд зөвхөн өнгөрсөн оны жилийн эцэст гэхэд зохицуулалтын салбарын зах зээлийн үнэлгээ, хөрөнгө ДНБ-ний 23.2 хувьд хүрсэн бол энэ он гарсаар зах зээлийн үнэлгээ 9 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Санхүүгийн салбар ийнхүү өргөжин тэлэхийн хэрээр дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд ч олноор нэвтэрч байна. Нөгөөтэйгүүр санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухал хэвээр байна. Иргэн бүр, айл өрх бүр санхүүгийн боловсрол, мэдлэг, мэдээлэлтэй болж түүнийгээ өдөр тутам, амьдралдаа хэвшүүлбэл аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чаддаг. Иймд манай хамт олон зохицуулалтын салбарын байгууллагуудынхаа хамтаар хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль журмынхаа талаар танилцуулахын зэрэгцээ салбартаа гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, шинэлэг мэдээ мэдээллээр мэдлэг, зөвлөгөө өгөхөөр Орхон аймагт ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ үеэр та бүхнийхээ үнэ цэнэтэй санал, шүүмжлэлийг ч сонсож цаашдын ажилдаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж байна” гэдгийг онцолсон юм. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн бодлого зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, Хорооны зохицуулалтад шинээр ороод буй мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал мөн даатгалын салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд, олон нийтэд тулгардаг нийтлэг асуудал, санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал асуултад хариулт өглөө. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны захирал Д.Бадрал нар банкуудынхаа талаар болон олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжаалах үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар, Хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага мөн хадгаламж зээлийн хоршооны төлөөллүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох, банкуудын хувьцаа гаргалтад оролцох боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.