Мэдэгдэл

2012-07-05 16:00

Манай улсын эдийн засаг хурдацтай өсөн тэлж, 2010 онд ДНБ-ийн өсөлт 6.4 хувьтай байсан бол өнгөрөгч жилд 17.3 хувьд хүрч, харин энэ оны эхний улирлын байдлаар ДНБ 16.7 хувиар өссөн дүн мэдээ байна. Энэхүү эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах, хөхиүлэн дэмжихэд санхүүгийн салбарын тогтвортой байдал нэн чухал юм. Банкны салбар давамгайлсан байдлыг тэнцвэржүүлэхийн тулд дэлхийн бусад орны жишгээр үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдаж байгаа билээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хямд төсөр хөрөнгө оруулалт татах боломж олгох, олон нийтийн компанийн хөгжлийг дэмжих, уул уурхайн баялгийг эргэлтэд оруулах, нийгмийн баялгийг тэгш хуваарилах бодлогын суурь нь үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жилд хөрөнгийн захын хөгжлийг бодлогоор тууштай дэмжиж, энэ хугацаанд зах зээлийн үнэлгээ огцом өсөж 2 их наяд төгрөгт хүрсэн билээ. Энэхүү бодлогын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох байгууллагуудтай хамтран үнэт цаасны зах зээлийн эрх зүйн, дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эрчимтэй явуулж байна.

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны 10 дугаар сард батлагдсан. Өмнөх Компанийн тухай хууль батлагдаж байсан 1999 оноос хойш улс орны эдийн засгийн орчин, нөхцөл өөрчлөгдөж, энэхүү хуулийн шинчилсэн найруулгын хүрээнд компанийн, тэр дундаа олон нийтийн компанийн засаглалын асуудлууд, компанийн удирдлагын хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлуудыг цогцоор нь шийдсэн хууль болсон.

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн олон улсын жишигт нийцсэн шинэчилсэн найруулгын төслийг Санхүүгийн зохицуулах хороо Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, судалгааны байгууллагууд, зах зээлд оролцогч брокер, андеррайтерууд болон бусад талуудтай хамтран боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан. Хэдий хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр чуулган дараалан хойшлогдсон ч 2012 оны намрын чуулганаар улс орны санхүүгийн салбар, тэр дундаа хөрөнгийн захыг шинэ шатанд гаргах энэхүү хуулийн төслийг батална гэдэгт бид бат итгэлтэй байна.

Дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй 2010 онд байгуулсан “Стратеги хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд 2011 оны 04 дүгээр сард Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж гурван жилийн хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-г байгуулсан

Энэхүү ажлын хүрээнд үнэт цаасны арилжаа, хадгаламж төлбөр тооцоо, хяналтын орчин үеийн цогц системийг нэвтрүүлэхээр сүүлийн нэг жил хагасын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллага, мэргэжлийн оролцогч брокер, дилер, андеррайтерууд тууштай дэмжиж нягт хамран ажиллаж ирсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү шинэ цогц системийг нэвтрүүлсэнээр манай улсын үнэт цаасны арилжаа явуулах дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи  олон улсын стандартад хүрэх юм. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, үнэт цаасны зах зээлээс бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ.

Шинэ системийг 2012 оны 7 дугаарсарын 02-ны өдөр эхлүүлсэн бөгөөд зарим мэргэжлийн оролцогч брокер, дилер, андеррайтерын компаниуд нь төлбөр, тооцоо гүйцэтгэх банктай гэрээ хийж, барьцаа хөрөнгө байршуулаагүйгээс биржийн арилжаанд оролцоход хүндрэл гарч байгаа юм. Иймд тусгай зөвшөөрөл бүхий брокер, дилер, андеррайтерын компаниуд нь өнөөгийн хурдацтай хөгжиж буй зах зээлийн нөхцөлтэй хөл нийлж хадгаламжийн байгууллага ба банктай гурвалсан гэрээг даруй байгуулж ажиллах нь зүйтэй. Дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг Санхүүгийн зохицуулах хороо тууштай дэмжиж байгаа бөгөөд Монголын арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч брокер, дилер, андеррайтерын компаниудын санхүүгийн болон мэргэшлийн чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирсэн.

Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн оролцогчид хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд үйлчлэх, тэдний захиалгыг биелүүлэх, мэдээллээр хангах өөрийн үндсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллахыг анхаарах нь зүйтэй.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалахын тулд үнэт цаасны зах зээлд оролцогч “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, брокер, дилер, андеррайтерын компаниуд, төлбөр тооцоо гүйцэтгэх банкууд болон мэргэжлийн холбоодод зохих үүрэг, шаардлагыг цаашид ч тавьж, биелэлтийг хангуулан ажиллах болно.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО