Компанийн засаглалын гэрчилгээ олгох журам

2012-05-24 16:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны .. дугаар

сарын ...-ны ... тогтоолын 1 дүгээр хавсралт

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ

СУРГАЛТЫН ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулна.

1.2.Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт /цаашид сургалт гэх/-ыг холбогдох хууль, журмын дагуу сургалтын үйл ажиллагаа явуулах эрх авсан хуулийн этгээд явуулна.

1.3.Сургалтыг дараахи хэлбэрээр явуулж болно. Үүнд:

1.3.1.Тусгай сургалтын байранд;

1.3.2.Онлайн хэлбэрээр.

1.4.Сургалтад бүрэн хамрагдаж шалгалтанд тэнцсэн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт нэгдсэн дугаар бүхий компанийн засаглалын гэрчилгээ /цаашид гэрчилгээ гэх/ -г олгоно.

1.5.Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтын байгууллага /цаашид сургалтын байгууллага гэх/ сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарын мэдээллийг /бичгээр болон софтоор / Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-ийн Ажлын алба /цаашидалба гэх/-нд ирүүлсний үндсэн дээр гэрчилгээнд нэгдсэн дугаар олгоно.

 

1.9.Сургалтын байгууллага нь компанийн ТУЗ-ийн гишүүд, зөвлөлийн нарийн бичгийн дарга, удирдлагад зориулан компанийн засаглалын үндсэн мэдлэг олгох сургалт явуулах үүргийг гүйцэтгэх ба Санхүүгийн зохицуулах хорооноос /цаашид СЗХ гэх/ баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулна.

Хоёр. Сургалтын байгууллагад тавигдах шаардлага

2.1.Сургалтын байгууллага нь дараах шаардлага нөхцлийг хангасан байна:

2.1.1.Сургалт явуулах тусгай сургалтын байртай байна.

2.1.2.Сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

2.1.3.Сурах бичиг, гарын авлага, тестийн материалаар хангагдсан байна.

2.2.Сургалтын байгууллага сургалт явуулах хүсэлтээ албанд ирүүлж гэрээ байгуулсаны үндсэн дээр сургалтыг явуулна.

2.3. Сургалтын жилийн төлөвлөгөө боловруулж сургалтын байгууллагын удирлагаар баталуулан олон нийтэд мэдээлсэн байна.

2.4.Хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийг үндэслэн өөрсдийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.

2.5.Сургалтын багш нь сургагч багшийн сургалтад хамрагдаж  гэрчилгээ авсан байна.

2.6.Сургалтын байгууллага нь энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загвар бүхий гэрчилгээг олгоно.

2.7.Нэг удаагийн сургалтыг зохион байгуулахдаа хамрагдах хүний тоог 20-оос дээшгүй байхаар тооцно.

2.8.Сургалтад хамрагдсан ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг нэгдсэн байдлаар шалгалтанд хамруулна.

Гурав. Шалгалтыг зохион байгуулах

3.1.Сургалтын шалгалтыг зохион байгуулах чиг үүргийг орон тооны бус Мэргэшлийн зөвлөл хэрэгжүүлнэ.

3.2.Мэргэшлийн зөвлөл нь нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн байх бөгөөд тэдгээрийг Зөвлөл томилно.

3.3.Мэргэшлийн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Албаны болон мэргэжлийн байгууллагын, компанийн засаглалын чиглэлээр хичээл заадаг багш, судлаачдын төлөөлөл орж болох бөгөөд дарга нь Зөвлөлийн дарга байна.

3.4.Мэргэшлийн зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.4.1.Энэхүү журмын 1.4-д заасан шалгалт авах;

3.4.2.Шалгалтын тест боловсруулах;

3.4.3.Шалгалтын тест боловсруулахад шаардлагатай тестийн сан бүрдүүлэх;

3.4.4.Шалгалтын хуваарь боловсруулж батлах;

3.4.5.Шалгалтын асуулт, тестийг бусдаар бөглүүлэх, хуулах зэрэг үйлдэл хийсэн

оролцогчдыг протоколд тэмдэглэж, шалгалтаас хасах;

3.4.6.Шалгалтын тест болон асуултын нууцыг чанд хадгалах;

3.4.7.Мэргэшлийн зөвлөлийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох;

3.4.8.Шалгалтын дүнг Зөвлөлд танилцуулах, батлуулах.

3.5.Мэргэшлийн зөвлөл нь шийдвэрийг дийлэнх олонхийн саналаар гаргана.

3.6.Мэргэшлийн зөвлөлийн дарга орон нутагт ажиллах зөвлөлийн гишүүдийг тухай бүр томилж болно.

3.7.Мэргэшлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэгтэй:

3.7.1.Мэргэшлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөж, зөвлөлийн дарга, гишүүдээр батлуулах;

3.7.2.Шалгалтад хамрагдсан этгээдийн бичиг, баримтыг бүртгэн архивт шилжүүлэх;

3.7.3.Шалгалтын зохион байгуулалтын ажлыг хариуцах;

3.7.5.Шалгалт болон Мэргэшлийн зөвлөлийн хуралдаантай холбоотой тэмдэглэл хөтөлж, баримт бичгийг цэгцлэн архивт шилжүүлэх;

3.8.Мэргэшлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Албаны сургалт хариуцсан ажилтан байх бөгөөд Мэргэшлийн зөвлөлийн хуралдаанд саналын эрх эдлэхгүй.

Дөрөв. Шалгалтын тест бэлтгэх, олшруулах,

нууцыг хадгалах

4.1.Мэдээллийн санд бүрдүүлсэн тестүүдээс шалгалтын асуултыг боловсруулна.

4.2.Шалгалтын тестийг шалгалтын өмнөх өдөр Мэргэшлийн зөвлөлийн даргын томилсон гишүүд боловсруулна.

4.3.Мэргэшлийн зөвлөлийн даргын томилсон 2-оос доошгүй гишүүн шалгалтын тестийг хувилж, хувилбар тус бүрээр тоолж дугтуйлан битүүмжилнэ.

4.4.Шалгалтын тест олшруулах байранд Мэргэшлийн зөвлөлийн даргын томилсон гишүүдээс өөр хүнийг зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг хориглоно.

4.5.Мэргэшлийн зөвлөлийн ба ажлын хэсгийн гишүүд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байранд ирж шалгалт авах бэлтгэлийг хангасан байна.

4.6.Тестийг битүүмжилсэн байдлаар шалгалт авах танхимд хүргэж шалгалтад оролцогчдоор магадлуулж уг танхимд задлана.

4.7.Гадаадын иргэд шалгалтад оролцохдоо орчуулагчтай орж болох бөгөөд орчуулагч нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх аваагүй байх шаардлагатай.

4.8.Гадаад улсын компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан эсхүл сургалтад суухгүйгээр шалгалтад орох боломжтой гэж үзсэн этгээд нь сургалтад хамрагдахгүйгээр шалгалтад орох өргөдөл гаргаж болно. Өргөдлийн үндсэн дээр сургалтад суух эсэх асуудлын талаар Мэргэшлийн зөвлөл хэлэлцэж шийдвэр гаргана.

4.9.Сургалтын төлбөрийн хэмжээг Зөвлөл тогтооно.

Тав. Шалгалт авах, гэрчилгээ олгох

5.1.Сургалтын хөтөлбөрт бүрэн хамрагдсан этгээдээс гэрчилгээ олгох шалгалт авна.

5.2.Шалгалтыг тест хэлбэрээр авна. Тестийн болон ярилцлагын агуулга, тестийн асуултын тоо, үргэлжлэх хугацааг Мэргэшлийн зөвлөл тогтооно.

5.3.Шалгалтын хариултыг Мэргэшлийн зөвлөл дүгнэнэ.

5.4.Шалгалтын цаг дууссаны дараагаар хариултын хуудсыг шалгуулагчдын өмнө тусгай төхөрөөмжөөр уншуулан жагсаалтаар дүнг гаргаж Мэргэшлийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

5.5.Жагсаалтаар гарсан дүнг өөрчлөх буюу засахыг хориглоно.

5.6.Мэргэшлийн зөвлөл нь шалгалт өгсөн этгээдийг өөрийн тест бөглөсөн байдалтай танилцах боломжоор хангаж болно.

5.7.Тестийн асуултын 60буюу түүнээс дээш хувийг үнэн зөв хариулсан этгээдийг Мэргэшлийн зөвлөл шалгалтад тэнцсэнд тооцно.

5.8.Тестийн шалгалтанд тэнцээгүй тохиолдолд дахин шалгалт нэг удаа авах бөгөөд Мэргэшлийн зөвлөл дахин шалгалтын товыг эхний шалгалт авах өдөр тогтооно. Уг дахин шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд дараагийн дахин шалгалтад хамрагдах боломжгүй.

5.9.Дахин шалгалтад хамрагдах тухай өргөдлөө дахин шалгалт болохоос ажлын 3 хоногийн өмнө сургалт зохион байгуулагчид гаргана. Өргөдөл гаргаагүй тохиолдолд дахин шалгалтад хамруулахгүй.

5.10.Шалгалтад тэнцсэн тохиолдолд энэ журмын 2 дугаар хавсралтад заасан гэрчилгээг олгоно.

5.11.Сургалт болон шалгалтын явцад энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцаа үүссэн  тохиолдолд тухайн асуудлыг Мэргэшлийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ.