Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага билээ.  

Мөн Хороо нь холбогдох хуулийн хэрэгжилт болоод өөрийн үйл ажиллагааныхаа талаар жил тутам Улсын Их Хуралд тайлагнадаг, түүний харъяа байгууллага юм.

Хороо анх байгуулагдахдаа банкнаас бусад санхүүгийн салбарыг хариуцахаар хуульчлагдаж, үүнд нь үнэт цаасны салбар, даатгалын салбар, бичил санхүүгийн салбарын зохицуулалт хамрагдаж байсан. Гэвч шинэ тутам үүсэн бий болж буй зах зээлийн харилцаанаас шалтгаалан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтын хүрээний шинэ үйл ажиллагаанууд хамрагдах болсон. 

Хороо байгуулагдсанаас хойш бидний хэрэгжүүлсэн бүхий л арга хэмжээ, явуулсан үйл ажиллагаа маань санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүгийн зах зээлийн зохицуулалтын оновчтой чиг хандлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн хүсэлт, гомдлыг хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зэрэг зорилго, зорилтуудыг хангахад чиглэгдэж байна. 

Эрхэм зорилго

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн туршлага, стандартад нийцсэн тогтвортой үйл ажиллагаа бүхий санхүүгийн салбарыг хөгжүүлэх.

Үйл ажиллагааны зарчим

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт зүйлс нь байгууллагын соёл, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд хөтлөх бөгөөд түүнээс гаргах аливаа шийдвэрийн үндэс суурь болно. Дор дурдсан үнэт зүйлсийн нэгдэл нь Санхүүгийн зохицуулах хорооны соёл, үйл ажиллагааны чиг хандлагаар илэрхийлэгдэнэ. Үүнд:

  • Хараат бус байх

  • Итгэл хүлээсэн байх

  • Хүндэтгэл хүлээсэн байх

  • Ил тод байх