Нэмэгдсэн: 2016-03-04 09:41:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 4 дүгээр хуралдаанаар нийт 24 асуудал хэлэлцэхээр жагсаалт батлагдлаа. Тодруулбал “Үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”, “Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Даатгал түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”ыг хэлэлцэхээс гадна “Даатгагч болон даатгагчийн мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам”, Хорооны 2008 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан журам, 2015 оны 331 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн батлах тухай асуудлууд багтаж байна.  

Мөн “ТДБ секьюритис ББСБ” ХХК-ний банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, “Есөн дэлбээ” Хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх асуудал энэ хуралдаанаар хэлэлцэгдэнэ.

“Номин даатгал” ХХК хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл, “Акбар аудит” ХХК  үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх, “Мөнх Эстимэйт” ХХК даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, “Үнэлгээ консалтинг” ХХК даатгалын хохирол үнэлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлсэнийг мөн тус хуралдаанаар хэлэлцэх нь.

“Баян-амгалан”, “Өнөр баян хишиг”, “Мөрөөдлийн булаг”, “Хэрлэн финанс”, “Иргэд капитал”, “Баялаг тасгон”, “Мөнх цамц мод”,  “Цэцэгтуяа”, “Приваткредит”, “ Грави”, “Хоршихуй”,  “Өгөөмөр хас” гэсэн 12 аж ахуйн нэгжид хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэх тусгай зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

Хорооны ээлжит 4 дүгээр хуралдаан 2016 оны 03 сарын 04 ний өдөр 10:00 цагаас эхэлнэ.