Нэмэгдсэн: 2016-03-06 23:42:00

“Үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 4-ний өдөр хуралдсан ээлжит дөрөвдүгээр хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. 2013 онд батлагдсан Үнэт цаасны тухай хуульд энэ зах зээлийг хөгжүүлэхэд  дагаж мөрдөх 41 журам батлах шаардлагатай хэмээн заасны нэг нь энэ юм. Тодруулбал, үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох үед Хороо тухайн байгууллагын өмч хөрөнгө болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах ажиллагааг шүүхээс өмнө явуулж байхаар боллоо. 

Мөн тус хуралдаанаар даатгалын салбарын зарим зохицуулалтыг цаг үед уялдуулах, олон улсын стандартад ницүүлэх үүднээс “Даатгал түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”, “Даатгагч болон даатгагчийн мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам”, Хорооны 2008 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан журам, 2015 оны 331 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн баталлаа.

“Номин даатгал” ХХК хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл, “Акбар аудит” ХХК  үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх, “Мөнх Эстимэйт” ХХК даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, “Үнэлгээ консалтинг” ХХК даатгалын хохирол үнэлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэнийг хэлэлцэж зөвшөөрөл олгохоор боллоо. “Баян-амгалан”, “Өнөр баян хишиг”, “Мөрөөдлийн булаг”, “Хэрлэн финанс”, “Иргэд капитал”, “Баялаг тасгон”, “Мөнх цамц мод”,  “Цэцэгтуяа”, “Приваткредит”, “ Грави”, “Хоршихуй”,  “Өгөөмөр хас” гэсэн 12 аж ахуйн нэгжид хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэх тусгай зөвшөөрөл өгөх шийдвэрийг тус тус гаргалаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.