Нэмэгдсэн: 2016-04-07 14:38:00

Хорооны даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын уялдаа холбоо, холбогдох хууль, эрх зүйн орчинтой нийцэж буй эсэхийг үнэлж, дүгнээд  дөрвөн журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасныг Хорооны ээлжит долдугаар хуралдаанаар хэлэлцлээ.   

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”,“Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам”, “Үнэт цаасны зах зээлийн зарим зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, “Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах бичиг баримтыг бүртгэх харилцааг зохицуулсан журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гишүүд дэмжин баталлаа. 

Тухайлбал, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсан журм”-ын 2.8.14-д “Үүсгэн байгуулагчийн сүүлийн 3 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан”, журмын 3.4-д “ТЗК-ийг үүсгэн байгуулагч нь сүүлийн 3 жил хэвийн үйл ажиллагаа явуулсан, ...” гэж тус тус заасаныг хаслаа. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны харилцаанд ТЗК-ийг үүсгэн байгуулагч этгээдээс илүүтэйгээр ирээдүйд мөнгөн урсгал бий болгох активыг бий болгох анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагч, үүрэг гүйцэтгэгч зэрэг этгээдийн тогтвортой, үр ашиг бүхий үйл ажиллагаа, үнэт цаасны эргэн төлөлтийн баталгааг хангах хөрөнгийн багцын чанар голлох үүрэгтэй тул хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах этгээдийг үүсгэн байгуулагч нь заавал олон жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагагүй гэж үзлээ. 

Мөн тус журамд Хорооны хэмжээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн бүртгэлийн цахим системийг нэвтрүүлж эхлээд байгаатай холбогдуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг дэлгэрүүлж, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг тодорхой болгож, Хороонд хандан ирүүлэх өргөдлийн загварыг хавсралтаар нэмж, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12.4-д “Тусгай зориулалтын компанийг банк, банк бус санхүүгийн байгууллага, орон сууцны санхүүжилтийн компани болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага байгуулж болно.” гэж заасны дагуу Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага гэдэгт ямар этгээдийг ойлгох талаарх жагсаалтыг журамд  нэмлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ