Нэмэгдсэн: 2016-09-22 08:29:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

   “Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлал эрхлэх зөвшөөрөл олголоо

  “Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Нийт 40.0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тус банк даатгалын зуучлагчийн үйл ажиллагаагаа 50.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар эхлүүлэхээр баримт бичгээ бүрдүүлсэн байна. Түүнчлэн өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа хариуцлагын даатгалд 100.0 сая төгрөгөөр даатгуулжээ.

   Даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын банк тусгай нэгжээр явуулах бөгөөд ажилтнуудаа Санхүүгийн зохицуулах хороо, Банк санхүүгийн академиас энэ оны дөрөвдүгээр сард хамтран зохион байгуулсан даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалтад хамруулан бэлтгэсэн байна.

   Өнөөдрийн байдлаар арилжааны 9 банк өөрийн эрхэлж байгаа үндсэн үйл ажиллагаанаас гадна даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын банк 10 дахь нь болж буй юм.

    Хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг сунгав

   Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Арвинмөрөн” ХЗХ, Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпипи” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилээр сунгалаа. Эдгээр хоршоод байгуулагдсан цагаасаа тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн ба хангавал зохих санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа тул ийнхүү хуульд заасан хугацаагаар тусгай зөвшөөрлийг нь сунгаж буй юм.

    “Багануур” ХК, “Ай түүлс” ХК-уудын үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

  СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий  нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Айтүүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус тус үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

   Багануурын уурхайн техникийн шинэчлэлд хөрөнгө босгох зорилгоор нэмж гаргасан хувьцаагаар нийт 26,1 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн боловч хангалттай хөрөнгө босгож чадаагүй. Ингэснээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн болон СЗХ-ноос тогтоосон шаардлага хангагдаагүй, анхдагч зах зээлийн арилжааг “амжилтгүй” болсон гэж үзэх үндэслэл болж буй юм. Амжилтгүй арилжигдсан хувьцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасныг дагуу бүртгэлээс хасдаг. “Багануур” ХК-д андеррайтерийн үйлчилгээ үзүүлэгч “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын орчны нөхцөл байдлын талаарх судалгаа, цаг хугацааны тооцооллыг оновчгүй гаргасан гэж СЗХ дүгнэлээ. Үүний зэрэгцээ тус компани “Багануур” ХК-тай байгуулсан “Андеррайтерийн болон зөвлөх үйлчилгээний гэрээ’-гээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болон “нийтэд санал болгосон үнэт цаас нь бүрэн зарагдаагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах”баталгаа өгч, үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс СЗХ үнэт цаас гаргагч “Багануур” ХК болон “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-д хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хатуу анхааруулахаар боллоо. Нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хассантай холбоотойгоор дараа дараагийн арга хэмжээг зохих дүрэм, журмын дагуу авч хэрэгжүүлэхээр тогтов.

    Харин программ хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг “Айтүүлс” ХК олон нийтээс 1.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө татан, уг хөрөнгөөр Дархан хотод модуляр дата төв барихаар төлөвлөж, үнэт цаас бүртгүүлсэн боловч хуульд заасан хугацаанд арилжаагаа явуулж чадаагүй байна. Тиймээс, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12.10-т “Хороо үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй тохиолдолд” бүртгэлийг хүчингүй болгохоор заасны дагуу хаслаа.

     “ЮуЭндЭн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоо

  2013 онд даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Юу Энд Эн” ХХК мөн ондоо 2,4 сая төгрөгийн даатгалын хохирол үнэлгээний, 2,5 сая төгрөгийн бусад үйл ажиллагааны орлоготой ажилласан гэж тайлагнаснаас хойш уг үйл ажиллагааг огт эрхлээгүй нь тайлангаар нотлогдож буй юм. Энэ тухайгаа тус компани 2014 онд “хохирлын үнэлгээчин ажлын чөлөө авснаас шалтгаалан үйл ажиллагаа зогссон” гэж тайлбарлажээ. Гэвч үүнээс хойш зургаан сарын хугацаанд нөхцөл байдал сайжраагүй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэнийг удаа дараа сануулан, энэ оны долдугаар сард нэг сарын хугацаанд түдгэлзүүлж, тайлбар ирүүлэхийг шаардсан боловч өнөөг хүртэл албан ёсны тайлбар ирүүлээгүй байна. Тиймээс тус компаний даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

      Албан журмын даатгагчдын холбооны УЗ-ийн бүрэлдэхүүнийг батлав

  Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн бүтцийг дарга, найман гишүүнтэй байхаар тогтоож, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Холбооны Удирдах зөвлөлийн даргаарэдийн засгийн онол, даатгалын салбарын судалгаа шинжилгээний олон жилийн туршлагатай судлаач, СЗХ-ны даргын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Б.Бат ажиллахаар боллоо.

    Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр албан журмын харилцаанд оролцдог төрийн байгууллагууд болон даатгалын үйл ажиллагаа эрхлэгч хувийн хэвшлийн төлөөлөл ижил тэнцүү харьцаатайгаар томилогдлоо. Ингэснээр Холбооны үйл ажиллагаа хэвийн явагдах, бодлогын уялдаа хангагдах, харилцан мэдээлэлтэй ажиллах нөхцөл боломж бүрдэж байна.