Нэмэгдсэн: 2017-03-13 14:05:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ханой хотноо өнөөдөр эхэлж буй “Хүртээмжтэй даатгалын талаар санал солилцох уулзалт”-д оролцож байна. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс Монгол, Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин зэрэг улсуудыг хамруулан 2013 оноос хэрэгжүүлж буй “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн хүрээнд болж байгаа тус уулзалтад дээрх улсуудаас гадна Камбожи, Шри-Ланк зэрэг Азийн зарим орны төлөөлөгчид цуглаад байна.

Уулзалтаар даатгалын салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хүртээмжтэй даатгалын талаар хуримтлуулсан туршлага, ололт амжилт, хэтийн төлвийн талаар санал солилцох бөгөөд хоёр талын болон олон талын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавих таатай боломж бүрдэх юм.

Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 2016 оноос “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийн “Бүсийн удирдах зөвлөл”-ийн гишүүнээр ажиллаж байна.