Нэмэгдсэн: 2017-03-16 14:51:00

   Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын Холбооны ээлжит уулзалт боллоо. Уулзалтаар 2017 онд байгуулагдах бодлогын зөвлөл, ББСБ-уудын удирдлага, ажилтнуудын хүрээнд зохион байгуулах сургалтын хөтөлбөр болон Хороо, Холбооны хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичгийн талаар ярилцав. Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Хорооны болон Холбооны удирдлагууд уулзалтын үеэр гаргасан санал, шийдвэрүүдээ нэгтгэн төлөвлөж, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

     Тус уулзалтад Банк бус санхүүгийн байгууллагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баянцогт, орлогч дарга Б.Итгэлсүрэн, МББСБХ-ны ерөнхийлөгч А.Алтансүх, гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс нар болон газрын референт, мэргэжилтнүүд оролцлоо.