Нэмэгдсэн: 2017-03-17 14:15:00

  Вьетнам Улсын Ханой хотноо зохион байгуулагдаж буй “Хүртээмжтэй даатгалын талаар санал солилцох уулзалт”-д оролцож байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат нар Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Камбожи, Шриланк зэрэг улсын санхүү, даатгалын зохицуулалтын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хүртээмжтэй даатгалын талаар “Зохицуулалт ба хяналтын орчин”, “Борлуулалтын суваг ба технологи”, “Санхүүгийн боловсрол” сэдвийн хүрээнд санал бодлоо солилцлоо.

  “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн асуудлаар өргөн хүрээг хамран ярилцаж буй уг хэлэлцүүлэгт дарга С.Даваасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат нар “Санхүүгийн мэдлэг, боловсрол”, “Борлуулалтын суваг ба технологи” сэдэвт салбар хуралдаануудад зохицуулагч-панелистаар оролцож тухайн сэдвийн дагуу болон  Монгол Улсын хүртээмжтэй даатгалын зах зээлийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

  “Санхүүгийн мэдлэг боловсрол” сэдэвт салбар хуралдаанд Индонезийн Санхүүгийн үйлчилгээний агентлагийн захирал, ноён Мохамад Мухласин бичил даатгалын талаарх үндэсний мэдлэгийг дээшлүүлэх оновчтой арга замуудын талаар гол илтгэлийг тавьж, Монгол, Индонези, Филиппин, Вьетнамын зохицуулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөгч нар тус тусын арга туршлагуудыг хэлэлцэв.

  “Борлуулалтын суваг ба технологи” сэдэвт салбар хуралдаанд Индонези, Пакистаны амьдралын буюу урт хугацааны даатгалын салбарын хувийн хэвшлийн төлөөлөл Ёга Прасетё, Мухаммад Аль Ахмед нар гол илтгэлүүдийг тавьж, Монгол, Индонез, Пакистан, Балбын зохицуулагч, хувийн хэвшлийн төлөөлөгчид өөр өөрийн арга ажиллагааг танилцууллаа.

  Хуралдаануудад манай улсын хувийн хэвшлийг төлөөлөн “Монре даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн менежер Б.Мягмарханд нар салбарын панелистаар оролцов.