Нэмэгдсэн: 2017-04-14 16:02:00

     Санхүүгийн зохицуулах хороонд Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн Удирдах зөвлөлийн хурал 04 дүгээр сарын 14-нд боллоо.

    2014 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн нэгдүгээр шат энэ оны 7 дугаар сард дуусна. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал нь төслийн эхний шатны сүүлийн хурал юм. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх компаниудыг Хөрөнгийн биржид шинээр /IPO/ гаргахад туслах, нээлттэй хувьцаат компани байхын ач холбогдол, давуу талыг ойлгуулсан сайн жишиг тогтоохыг зорьж буй төслийн багийнхан энэ удаа өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хэлэлцлээ.

   Төслийн хүрээнд иргэд, хөрөнгө оруулагчдын санхүүгийн боловсролыг сайжруулах,  Монголын тэргүүлэх компаниудын удирдлагуудад хувьцаагаа олон нийтэд санал болгох /IPO/, нээлттэй компани байхын давуу талыг ойлгуулахад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Төслийн үйл ажиллагааг хөндлөнгийн баг үнэлж,  тодорхой үр дүнд хүрч, зорилгоо биелүүлсэн хэмээн үзээд сайн үнэлгээ өглөө.

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Бидний хамгийн их сонирхож байгаа зүйл бол төслийн хоёр дахь үе шат. Эхний үе шат бол төслийн хоёр дахь шатны суурь болж чадлаа. Эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайн байгаагүй ч Санхүүгийн зохицуулах хороотой хангалттай сайн хамтран ажиллаж, сайн үнэлгээ авлаа. Бид төслийн дараагийн үе шатыг бодитой маш сайн гэсэн үнэлгээтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч, хичээл зүтгэл гаргах болно” гэлээ.  

   Төслийн хоёр дахь үе шатыг энэ оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж буй юм. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, хамтарсан хяналт шалгалт, зохицуулалт хийх, дүрэм журмаа өөрчлөх, ард иргэдийн санхүүгийн суурь боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлд хэрхэн яаж оролцох вэ гэдэгт түлхүү анхаарах юм.

   Удирдах зөвлөлийн хуралд санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц холбогдох газрын дарга нар, Сангийн яамны төлөөлөл,    Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай болон ЖАЙКА-гийн үнэлгээний баг, суурин төлөөлөгч, төслийн багийнхан оролцлоо.