Нэмэгдсэн: 2017-06-05 17:53:00

Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ноос Люксембургийн Их Вант Улсын Хөгжлийн агентлагийн дэргэдэх Олон Улсын Сургалтын төвтэй хамтран даатгалын болон үнэт цаасны салбарын асуудлаар цуврал сургалт зохион байгуулж байна. Үүний хүрээнд хөрөнгийн зах зээлийн зохицуулалт, бүтээгдэхүүний төрөл, хандлага, тэр дундаа хөрөнгө оруулалтын сангийн талаар тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн оролцогч нар, зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон Хорооны мэргэжилтнүүдийг хамруулсан таван хоногийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ.

Сургалтыг Люксембургийн Хөгжлийн агентлагийн Олон Улсын Сургалтын төвийн сургагч багш, ноён Деклан О'ханрачэйн удирдаж, хөрөнгө оруулалтын болон биржээр арилжаалагддаг сан /ETF/-гийн хууль, эрх зүй, зохицуулалтын олон улсын туршлага, тэдгээрийн нягтлан бодох бүртгэлийн онцлог, үнэт цаасны төлбөр тооцоо, кастодиан үйлчилгээ болон үүсмэл санхүүгийн хэрэгслүүд зэрэг өргөн хүрээний сэдвээр лекц уншиж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөв, чиг хандлагын талаар үндэсний мэргэжилтнүүдтэй санал солилцож байна.