Нэмэгдсэн: 2017-06-07 19:31:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва даргалан, гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр явуулсан бөгөөд СЗХ-ны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Газрын дарга Б.Батзориг, Б.Лхагвасүрэн, С.Баянцогт, М.Өлзийбат, Т.Цэрэнбадрал, Б.Ариунаа нар оролцож гишүүдийн асуултанд хариу, тайлбар өгөв.

СЗХ хуулийн дагуу жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг бөгөөд энэ дагуу хуулийн хугацаанд буюу нэгдүгээр улиралд тайлангаа хүргүүлсэн. Байнгын хорооноос тайланг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулан байгуулж, ажлын хэсэг хоёр удаа хуралдсанаас гадна СЗХ-ны тодорхой чиг үүрэг, ажил байдалтай танилцсан юм. Мөн СЗХ үйл ажиллагааныхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд УИХ-ын гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулан танилцуулсан. Ингэснээр СЗХ олон нийтэд нээлттэйгээр тайлангаа танилцуулж, хэлэлцүүлсэн анхны төрийн байгууллага болсон юм.

Даатгалын, Үнэт цаасны, Банк бус санхүүгийн болон Хадгаламж, зээлийн хоршооны зэрэг банкнаас бусад санхүүгийн салбаруудыг зохицуулах, хөгжүүлэх, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий СЗХ эдийн засгийн хүндрэл бүхий 2016 онд мөчлөг сөрсөн буюу зах зээлийн оролцогчдыг улам чадавхижуулах бодлого барьж ажилласан нь үр дүнгээ өгч буйг тус хорооны дарга С.Даваасүрэн хэллээ. Энэхүү бодлогын хэрэгжилтийн нэг жишээ нь Улаанбаатар хотод шинээр байгуулагдах Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн явдал юм. СЗХ уг шийдвэрийг гаргаснаас хойшхи 7 сарын хугацаанд 12 ББСБ шинээр байгуулагдаад байгаа бөгөөд 2017 оны эхний байдлаар энэхүү шийдвэрийн үр дүнгийн үнэлгээ харьцангуй сайн байгааг тэрээр онцолсон юм.

Өмнөх жилүүдэд СЗХ бүртгэл, зөвшөөрөл олгох, араас нь хянан шалгах үйл ажиллагаа явуулж ирснийг өөрчилж, судалгаанд суурилсан бодлого, зохицуулалт, мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоог бүрдүүлж, зах зээлүүдийг бодлогоор зохицуулдаг, хөгжүүлдэг байгууллага болох дунд болон урт хугацааны стратеги зорилтоо тодорхойлоод байгаагаа Хороны дарга С.Даваасүрэн танилцуулгадаа дурдсан юм. Өнөөдрийн байдлаар СЗХ-ны зохицуулалтад нийт 2067 аж ахуйн нэгж, хуулийн этгээд хамаарч буй нь 2013 оныхоос бараг гурав дахин их тоо юм. Жил ирэх тутам зохицуулалт үйлчилгээ, хяналт шалгалтын хамрах хүрээ, хэмжээ далайц тэлэн нэмэгдэж буй боловч СЗХ-ны төсөв 2013 оноос тогтмол буурч ирсэн нь үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учруулж буйг тэрээр мөнхүү танилцуулав.

Тайлантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Л.Болд, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санхүүгийн зах зээлүүдийг бизнесийн сонирхол татахуйц салбарууд болгон хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулах, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үл хөдлөх хөрөнгийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгийн урсгалыг үнэт цаасны зах зээл рүү оруулах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардны зохицуулалтыг хариуцах зэрэг олон асуудлаар СЗХ-ны удирдлагуудаас хариулт, тайлбар авч, санал бодлоо хэллээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва СЗХ-ны үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өгч буйгаа дурдан, цаашид улам эрч хүчтэй ажиллахыг захив. Байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тогтоол гаргаж, СЗХ-нд тодорхой асуудлаар чиглэл өгөв.

 

Гэрэл зургийг: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс