Нэмэгдсэн: 2017-06-08 09:10:00

  Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн 2017 оны зургадугаар сарын 4-6-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Хөдөө, орон нутгийн санхүүгийн үйл ажиллагаа, банкны бус санхүүгийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, мэргэжлийн оролцогчдын нөхцөл байдлыг судлах зорилготой томилолтынхоо хүрээнд тэрээр аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар болон Санхүү төрийн сангийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төв, аж ахуйн нэгж, салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтуудаараа тэрээр Хорооны үйл ажиллагааны чиглэл, бодлого зорилт, санхүүгийн зах зээлийн өнөөдрийн төлөв байдал, хандлага, статистик үзүүлэлтээс товч танилцуулж, орон нутагт санхүүгийн үйлчилгээ эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээл, тулгамдсан асуудлыг сонсож явлаа. Орон нутгийн албан хаагчид санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сурталчилгаа хөдөөд хангалтгүй, ажилтан мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, салбарын удирлагыг давтан сургах, мэдлэг чадварыг дээшлүүлэх ажил бараг хийгддэггүйг дурдаж байсан юм.

   Тэдний санал, хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахаа Хорооны дарга С.Даваасүрэн илэрхийлээд, дэлхий нийт санхүүгийн хүртээмжийн асуудалд онцгой анхаарах болсныг тэмдэглэж, хүртээмжийг нэмэгдүүлэх болон санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд орон нутагт үйл ажиллагаа эрхлэгчид, салбарууд, ажилтан, төлөөлөгчдийн хувь оролцоо, үүрэг хариуцлага улам чухлаар тавигдах болсныг онцолж байсан юм.

  Тус аймагт ажиллах үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн аймгийн MBС телевизэд яриллцлага өгч, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хэтийн зорилт, олон улсын чиг хандлага болон өнөөдрийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийн талаар ярилаа.

   Түүнийг дагалдан Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар томилолтоор ажиллав.