Нэмэгдсэн: 2017-06-14 11:44:00

Санхүүгийн зах зээл, түүний арга хэрэгслүүд улам бүр боловсронгуй болж, нарийвчлагдан хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд Loan fund буюу Зээлийн хөрөнгө оруулалтын сан гэсэн нэр томъёо хүчтэй яригдах боллоо.

Энэ бол зах зээлд зээл олгох, зээлийн багцыг худалдаж авах хэлбэрээр буюу зээлтэй холбоотойгоор хөрөнгө оруулах үйл явц, энэ үйл ажиллагааг эрхлэн явуулж буй сангууд юм. Эдгээр нь хөрөнгө оруулалтын сангийн нэг төрөл бөгөөд шинэ залуу арга хэрэгсэл учир олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт хөрөнгө оруулалтын сангуудын дотор одоогоор харьцангуй бага хувийг эзэлж байна. Гэхдээ зээлийн сангууд бодит эдийн засагт шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг хангах чухал бүтээгдэхүүн болж, цаашид уламжлалт хөрөнгө оруулалтын сангуудын сул орон зайг нөхөх, банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээг орлох санхүүжилтийн шинэ эх үүсвэр болох боломж бүрдээд байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-аас Зээлийн хөрөнгө оруулалтын санг хоёр төрөлд ангилж, үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхойлсон. Эхнийх нь Loan Originating Fund буюу Зээл олгох сан. Энэ нь төсөл, хөтөлбөр болон компанийн санхүүжилтэд зээл олгох хэлбэрээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг. Харин нөгөөх нь Loan Participating Fund буюу Зээлийн үйл ажиллагаанд оролцох сан. Уг сан банк, санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийг шууд өөрсдөөс нь юм уу, хоёрдогч зах зээлээс худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийдэг. Аль аль нь нээлттэй болон хаалттай хэлбэртэй байж болно.

IOSCO-ын тодорхойлсноор, үл хөдлөх хөрөнгийн баталгаатай зээлийг багцлан үнэт цаасжуулах буюу securitisation хийх болон үүнтэй холбоотойгоор үүсгэн байгуулдаг тусгай зориулалтын компани буюу special purpose vehicle-ийн үйл ажиллагааг зээлийн хөрөнгө оруулалтад хамаарахгүй юм. Тэгэхээр, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэгч “МИК ОССК” ХХК-ийн үйл ажиллагаа бол зээлийн хөрөнгө оруулалт биш.