Нэмэгдсэн: 2017-06-22 21:17:00

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 индекст багтдаг хувьцаат компаниас гаргах “Сүү бонд”-ыг бүртгэж тогтоол гаргалаа.  Богино буюу 12 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000.0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх уг бондыг нийт 60,000.0 ширхэгийг арилжаалах бөгөөд эргэн төлөгдөх хугацааг арилжаа явагдаж дууссан өдрөөс тооцно.

Хороо тогтоолоороо, нийтэд гаргасан өрийн хэрэгслийг энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор багтаан 70 ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд бонд гаргах ажиллагаа амжилттай болсонд тооцох бөгөөд зарагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүйд тооцохоор тогтоов. Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явагдсанд тооцох хүртэл арилжаанаас олсон орлогыг тусгаарлахыг “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д, арилжааг амжилттай болсон гэж Хороо тооцсоноос хойш ажлын таван хоногийн дотор бондын барьцаа хөрөнгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд тусгаарлуулахыг андеррайтерийн үйлчилгээ үзүүлэгч болон үнэт цаас гаргагч нарт тус тус үүрэг болголоо. Хэрэв үнэт цаас гаргагч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд зохих төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах юм.

Манай улсын хөрөнгийн зах зээлд компанийн өрийн хэрэгслийн арилжаа 2001 оноос эхэлсэн бөгөөд 2015 он дуусталх хугацаанд нийт 12 компани олон нийтэд бондоо арилжаалж байжээ. Компанийн бонд нь хуримтлалыг үр ашигтай хэлбэрээр хуваарилах, бага зардлаар санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчид найдвартай баталгаатай өгөөжийг хүртэх, санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Монголын хөрөнгийн зах зээл дээр явагдсан компаний өрийн хэрэгслийн үнийн дүн /оноор/