Нэмэгдсэн: 2017-06-28 11:44:00

   

   Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дарга С.Даваасүрэн өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлж буй компанийн бондын анхны захиалгыг нээж, хүндэтгэлийн цан цохилоо. Жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй уг бондоор үнэт цаас гаргагч компани нийт 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгө босгох юм. Энэ зорилт амжилттай биелбэл Монгол Улсад компанийн өрийн хэрэгслийн арилжаа явагдаж эхэлснээс хойших хамгийн өндөр үнийн дүн бүхий компанийн бондын хөрөнгө оруулалт болох юм.

   Бондын захиалгыг нээх үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, “Сүү бонд” Монголын хөрөнгийн зах зээлийн нэгэн чухал шинэ үеийг эхлүүлж, иргэд, хөрөнгө оруулагчдад цоо шинэ итгэл, найдварыг авчирна гэж найдаж буйгаа илэрхийлээд, үнэт цаасыг амжилттай арилжаалахыг холбогдох хүмүүст онцгойлон захив. 

    Тэрээр, хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд багтдаг хувьцаат компани бонд гаргаж буй нь өнөөдрийн үйл явдлын онцлог болохыг дурдаад, хууль болон зохицуулалтын хүрээнд компаниуд бонд гаргаж, шаардлагатай урт хугацааны санхүүжилтийг олон нийтээс нээлттэйгээр татах боломжийг Хороо тууштай дэмжиж ажиллах болно гэлээ.

Монгол Улсад компанийн бондын арилжаа 2001 оноос явагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 15 компани бонд гаргаж, олон нийтээс 18.6 тэрбум төгрөгийн хөрөнгө татаад байгаа юм. Бага зардлаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх, хуримтлалыг үр ашигтай хуваарилах, засаглалыг сайжруулах болон хөрөнгө оруулагчдад баталгаатай өгөөж өгдгөөрөө компанийн бонд чухал онцлогтой.

   “Сүү бонд”-ын арилжааны захиалга Монголын хөрөнгийн биржээр маргаашийн буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний 12:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй явагдана. Анхдагч зах зээлийн арилжаагаар үнэт цаасны 70 ба түүнээс дээш хувь нь арилжаалагдсан тохиолдолд бонд гаргах ажиллагаа амжилттай боллоо гэж Хороо тооцох юм.