Нэмэгдсэн: 2017-06-29 18:45:00

     Санхүүгийн зохицуулах хороо Сангийн яам, Монголбанктай хамтран “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүллээ. Санхүүгийн салбарын тогтолцоо, бүтэц, дэд бүтцийг дунд хугацаанд улам боловсронгуй болгож, нэг төрөл давамгайлсан бүтцээс олон салбарт тулгуурласан тэнцвэртэй бүтцэд шилжих стратегийн зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлэх, зохистой хяналт зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлж эрсдэлээс сэргийлэхэд хөтөлбөрийн зорилго чиглэж буй юм.

     Хэлэлцүүлэг үндсэн хоёр хэсэгтэй явагдлаа. Эхлээд Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл, банкны салбарт баримтлах дунд хугацааны бодлого, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратеги сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Үүнд санхүүгийн бүхий л салбарын оролцогчид, төлөөлөл оролцож тус тусын үзэл, саналыг илэрхийллээ.

    Дараа нь санхүүгийн боловсрол, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон  банкны салбар, хөрөнгийн зах зээл, даатгалыг болон банк бус санхүүгийн салбар, хадгаламж, зээлийг хоршоог хөгжүүлэх стратегиудыг нэг бүрчлэн хэлэлцсэн салбар хуралдаанууд болов.

     Хэлэлцүүлгийн үеэр зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, хохироохгүй байх үүднээс хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгох,  олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулах бодит ажлуудыг сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх зэрэг олон санал санаачилга гарлаа. Эдгээрийн дагуу тодорхой төлөвлөлтүүд хийгдэж буйг хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийнхэн танилцуулж, оролцогчдоос гарсан санал санаачилгыг нэгтгэн үндэсний хөтөлбөрт тусгахаар тогтов.