Нэмэгдсэн: 2017-07-17 17:19:00

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан Канад улсын Ванкувер хотноо болсон Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулагчдын хурал /ICURN/-д оролцлоо. Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 12-14-нд болсон уг хурлаар идэвхтэй хяналт шалгалтын зарчмууд, цахим аюулгүй байдал, хоршоодын засаглал, технологид суурилсан санхүүгийн арга хэрэгсэл, бэлэн мөнгөний гүйлгээг багасгах арга зам болон тус тусын бүс нутгийн хэмжээнд учирч буй тулгамдсан асуудал, мөн хоршоодын санхүүгийн салбарын хөгжилд үзүүлэх нөлөө болон хүртээмж зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, арга туршлагаасаа солилцлоо.

Зохицуулагчдын хурал буюу ICURN нь санхүүгийн хоршоодын хянан шалгагчдын албан бус сүлжээ хэлбэрээр 2007 онд үүссэн ба 2015 онд удирдах зөвлөлөөс нь бие даасан нэгж болгохоор шийдвэрлэж АНУ-д бүртгэлтэй татвараас чөлөөлөгдсөн, ашгийн бус холбооны статустай байгууллага юм. Жижиг хэмжээний хадгаламж татдаг олон тооны хоршоодыг хянахад хянан шалгагчдад учирдаг нийтлэг бэрхшээлийг давахад туслах, хянан шалгагчдад хооронд мэдээлэл солилцох, сайн туршлага судлах боломжоор хангах, сургалтын болон мэдээллийн мэргэжлийн холбоо болох зорилготой тус байгууллагад өнөөдөр зургаан тивийн төлөөлөл болсон 34 орон гишүүнчлэгдээд байна. Энэ удаагийн хурлын үеэр Монгол, Малави, Шинэ Брунсвик улсуудын зохицуулагч байгууллагууд шинээр гишүүн боллоо.

Дэд даргыг дагалдан Хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Алтантуул, мөн газрын ахлах референт С.Тулгаа, ахлах мэргэжилтэн К.Булбул болон Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч П.Байгалмаа нар ажиллалаа. Хурлын үеэр Монголын төлөөлөгчид Канадын Бритиш Коламбия мужийн санхүүгийн байгууллагуудын хороо болон Төв Хадгаламж, зээлийн хоршоо буюу тогтворжилтын сангийн үйл ажиллагаатай танилцав.