Нэмэгдсэн: 2017-07-26 17:18:00

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагын Ази Номхон далайн бүс нутгийн бүлгийн ээлжит жилийн хурал Шри Ланк улсад энэ сарын 16-наас 21-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Тус бүлэг нь гишүүн орнуудын мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд тодорхой давтамжтайгаар үнэлгээ хийж, ээлжит хурлаараа хэлэлцэн баталдаг журамтай. Энэ дагуу Монгол Улсын ээлжит үнэлгээг хэлэлцэн үнэлгээний тайлангийн эцсийн хувилбарыг баталлаа.

Энэ хуралд Монгол Улсыг төлөөлж Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан УЕПГ, ЦЕГ, АТГ болон бусад хүчний байгууллагууд, мөн Сангийн яам, Монголбанк, СЗХ-ны төлөөлөл бүхий ажлын хэсэг оролцож, тайлангаа амжилттай хамгааллаа.

Тайланг батлуулсантай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан жагсаалт гарсан бөгөөд энэ жагсаалтанд орсон ажлыг хэрэгжүүлэхээр ОУВС, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк мөн АНУ-тай хамтран ажиллахаар мөн тохиролцлоо.

  Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагын Ази Номхон далайн бүс нутгийн бүлэгд Монгол Улс 2007 онд гишүүнээр элссэн билээ. 

Эх сурвалж: Монголбанк