Нэмэгдсэн: 2017-09-12 08:32:00

Дэлхийн 100 шахам улс орныг эгнээндээ нэгтгэсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /The Alliance for Financial Inclusion; AFI/-ийн “Дэлхийн бодлогын чуулган” /Global Policy Forum/-д оролцохоор Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны төлөөлөгчид өнөөдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улс /Египет/-ыг зорилоо.

Синайн хойгийн өмнөд эрэгт орших “Энхтайвны хот” гэгддэг Шарм Эль Шейх хотноо энэ сарын 14-15-нд болох бодлогын чуулганд Хорооны дарга С.Даваасүрэн, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул тэргүүтэй төлөөлөгчид оролцож, олон улсын санхүү, эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагууд, Төв банкууд болон Засгийн газруудын төлөөлөгчидтэй санхүүгийн хүртээмж ба тогтвортой байдал, интеграцчилал, санхүүгийн салбар дахь жендерийн тэгш байдал, орчин үеийн дэвшилтэт санхүүгийн технологи зэрэг олон асуудлыг хэлэлцэхээс гадна Арабын улс орнуудын санхүүгийн санаачлага, туршлагыг судална.

Дэлхийн бодлогын чуулган нь нийгэмлэгийн гишүүн орнуудын санхүүгийн зохицуулагч, бодлого боловсруулагчдын цогц хөтөлбөр бүхий хамгийн томоохон цугларалт болдгоороо онцлог юм. Бодлогын чуулган болохын өмнөх өдрүүдэд нийгэмлэгийн бүсийн уулзалтууд, ажлын хэсгүүдийн хуралдаанууд болон 2017 оны Ерөнхий Ассамблей болж буй юм. Хорооны төлөөлөгчдийн эхний хэсэг түрүүлж очин, эдгээр уулзалт, хурлуудад оролцож, бүс нутгийн болон ажлын хэсгүүдийн хүрээнд нийгэмлэгээс бүтэн жилийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, түүний үр нөлөө, сорилт, туршлагыг дүгнэн хэлэлцэж байна. Хороо 2010 онд AFI-т гишүүнээр элссэн бөгөөд өнөөдөр нийгэмлэгийн бүх ажлын хэсэгт буюу нийт зургаан ажлын хэсэгт ажилладаг юм.

Энэ удаагийн Дэлхийн бодлогын чуулганы дүгнэлтийн хуралдаан гэж болох санхүүгийн бодлого, зохицуулалтын туршлага, сургамжийг улс улсаар харьцуулан хэлэлцэх хуралдаан болон мөн “Орчин үеийн дэвшилтэд технологи ба бичил санхүү” сэдэвт салбар хуралдаанд Хорооны дарга С.Даваасүрэн илтгэгчээр оролцоно.